МИАТ-ийн удирдлагуудыг шүүх тов гарлаа

“Дайны эрсдэл”-ийн мөнгө гэгчийг бий болгож, ихээхэн хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдоод буй МИАТ-ийн захирал асан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарын хэргийг Баянзүрхийн шүүхэд шилжүүлээд байсан. Харин тэднийг шүүх тов гарчээ. Тодруулбал, ирэх сарын 3-нд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх хурлын танхимд товлогдсон байна.

Мөрдөн байцаалтын явцад тэднийг нисэхийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг гэх Япон, Хонгконг дахь зохиомол хоёр ч компанийн дансаар тухайн үеийн ханшаар нийтдээ 9.3 тэрбум төгрөгийг шилжүүлсэн болохыг тогтоосон. Мөн дээрх мөнгөнөөс өөрсдийнх нь хувийн данс болон компанийх нь дансаар нийтдээ 4.3 тэрбум төгрөг нь эргэж орж ирсэн болохыг тогтоосон билээ.

Тиймээс тэдний 16.5 тэрбум төгрөгийн хадгаламжийн данс, 27 компанид оруулсан хувь, бусад машин хэрэгслийг битүүмжилсэн юм.

Мөн тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3-т зааснаар мөнгө угаасан гэх үндэслэлээр буруутган яллахаар төлөвлөөд байгаа юм.

Түүнчлэн хэрэгт холбогдоод буй Ц.Орхоны өмгөөлөгч Ц.Монгол мэдээлэл хийж, Ц.Орхоны хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой хэмээн мэдэгдсэн. Харин үүнийг албаны эх сурвалж үгүйсгэлээ. Учир нь мөрдөн байцаалтын явцад Ц.Орхоны мөнгө угаасан нь нотлогдож, хадгаламжинд нь байсан 16 тэрбум төгрөгийг хураан авсан юм.

Мөн тэднийг төсвийн мөнгө зувчуулсан, хууль бусаар тоног төхөөрөмж МИАТ-т нийлүүлсэн гэх хэрэгт нь нэмж шинээр хэрэг үүсгэнэ хэмээн эх сурвалж мэдээлэв. Эрүүгийн хуульд зааснаар шүүхээр орж, ялаа эдэлж байгаа хүнтэй холбоотой шинээр хэрэг илэрвэл дуудаж ялыг нь нэмж оноож болдог заалттай аж.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ