Хувь, “хувьсгал”-ын эмнэлгээр юу л болоод байна даа

Эх, нялхсын байснаа Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болсон Монголын нэг том эмнэлгийнхэн бужигнаж эхэллээ. Шуугиж байгаа нь эднийх болохоос иймэрхүү зовлонтой эмнэлэг байтугай сургууль, цэцэрлэг манайд цөөнгүй. Шалтаг, шалтгаан нь адилхан газрын гэх маргаан билээ. Гандангийн дэнж дээр ганцаараа дүнхийж асан эл байгууллагыг далд ортол барилга дарсны учир одоо л олдож байх шиг. Тэнд шамбааралдсан барилгын зарим нь бүр эдний эзэмшил газарт “зоогдоод” авчээ. Арваас дээш баллын газар эс хөдөлбөр түүнийг буулгах, нураах тухай ойлголт нэгэнт үгүй болжээ. Мөнхийн зогсоолдоо зогссон тэх гэдэг шиг, мөнхийн сууриндаа “хатгагдсан” барилга гэж тэднийг хэлэх биз. Тэднээс хамгийн хоржоонтой нь түүнтэй барьцах гэсэн мэт зэрэгцсэн “Баянгол” гэх хүүхдийн тодотголтой хувийн эмнэлэг юм. Энэхүү эмнэлгийн эзэн нь хүүхдийн нэрт эмч, цагтаа Эх нялхсын төвд ажиллаж асан, анагаахын доктор М.Сүхбаатар гэдэг хүн гэх. Ганц эмнэлэг барина гэчихээд бүхэл бүтэн цогцолбор босгочихсон түүний хүсэл бас ханаагүй байжээ. Тэр хавийг тэр чигт нь эзэмшлээ болгохоор довтолж эхэлсэн нь асуудлыг ийнхүү хурцатгажээ. Эмнэлэг барих газрын зөвшөөрлийг тухайн үед төвийн захирал байсан, цагтаа ЭМЯ-нд өндөр алба хашиж явсан, мөн л анагаахын доктор, одоо дээрх газар зөвлөх хавьцаа албатай Т.Эрхэмбаатар гэдэг хүн өгсөн байх юм. Эмнэлгийнхэн эсэргүүцээд, босоод эхлэхээр тэд мэдэн будилжээ. М.Сүхбаатар “Нэг авгай л сүржигнээд байгаа болохоос хашаа, хороо барьсан юм байхгүй” гэжээ. Т.Эрхэмбаатар нь, “М.Сүхбаатарт газрын зөвшөөрөл өгснөө би өөрөө ч мэдэхгүй байна. Юу ярьцгаагаад байгаа хэрэг вэ” хэмээн ихэд эгдүүцжээ. Харин өнөөгийн захирал Ш.Энхтөр нь “Би энэ ажлыг аваад хоёр жил болж байна. Өмнөх дарга Т.Эрхэмбаатар эрх мэдлээ ашиглаад М.Сүхбаатарт газар өгчихсөн юм билээ. Ганц тэр ч биш таван газраа бусдад булаалгачихсаны хоёрыг нь эргүүлж авлаа. Холбогдох газруудаар нь шийдүүлсний хүчинд л алдсангүй. Харин Баянгол эмнэлгийнх ч өнгөрөв бололтой. Нэмээд алдчихмааргүй байна” гэжээ. Тэнд чухам юу болоод байгааг мэддэг, шийддэг газар Монголд ер нь байна уу?

Г.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ