Зика вирусээр өвчилсөн анхны тохиолдол Орост бүртгэгдэв


Бүгд Найрамдах Доминикан Улсад амраад ирсэн орос эмэгтэй зика вирусийн халдвар авчээ. Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны сайтад даваа гарагт ингэж мэдээлсэн байна. Энэ нь Оросын иргэн уг өвчнөөр өвчилсөн анхны тохиолдол болохыг бас тэмдэглэж байна.
“Москвад ирмэгц өвчний клиник шинж тэмдэг илрээгүй бөгөөд харин ирснээс хойш хэдэн өдрийн дараа биеийн байдал муудаж, халуурч, биеэр нь тууралт гарсныг” дээрх газрынхан тэмдэглэжээ.
Эмэгтэйг тэр даруй эмнэлэгт хэвтрүүлсэн бөгөөд одоо тэр халдвартын эмнэлгийн тусгай өрөөнд байгаа ажээ. Өвчтөний биеийн байдал гайгүй гэнэ. Мэргэжилтнүүд өвчтөний гэр бүлийнхнийг бас ажиглаж байгаа ажээ. Тэднээс өвчний клиникийн шинж тэмдэг илрээгүй байна.
Үүнээс гадна,орос эмэгтэйн сууж ирсэн нисэх онгоцонд “халдвар судлалын шаардлагатай цогц арга хэмжээ” авчээ. “Зорчигчдын эрүүл мэндэд аюул байхгүй байна” гэж Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны мэдээнд дурджээ.
Оросын цаг агаарын нөхцөлд зика вирусийн өвчин тарах эрсдэл байхгүйг тус албаныхан бас тэмдэглэсэн байна.
2015 онд Африк, Азиас Өмнөд Америкт орж ирснээр зика вирус тус тивээр маш түргэн тархасан юм.Денге, чикунгунья, шар чичрэг зэрэг өвчний вирусийг бас тээдэг “Aedes aegypti” гэдэг шумуулд хатгуулснаар халдвар авдаг байна.Эмгэг үүсгэгч хүнээс хүнд бэлгийн замаар дамждаг эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Урьдчилан сэргийлэх вакцин юмуу өвчнийг эмчлэх арга одоогоор байхгүй байна.Энэ өвчин тусвал бага зэрэг халуурч, биеэр тууралт гардаг байна.
Судалгаанаас үзвэл, уг вирус Бразил улсад нэг мянган нярай хүүхдийн тархийг гэмтээжээ. Энэ өвчин ойрын үед Канад, Чили улсаас бусад Шинэ тивийн бүх оронд тархана гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэгдүгээр сарын 26-нд анхааруулсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ