“Mонгол-93” шатахууны чанарт эргэлзэх хэрэггүй

“Монгол-93” шатахууны талаар үнэ өндөр, чанар муу гэх мэдээлэл гарах болсон. Тэгвэл энэ талаар Уул уурхайн яамнаас тайлбар хийлээ. Монгол Улсад олборлон экспортлогдож буй газрын тосны үнэ Сингапурын хөрөнгийн бирж дээр “Дачин-33” нэрээр борлогддог аж. Манай газрын тосны үнэнд суурилан “Mонгол-93” шатахууны үнэ тогтоогддог. Өөрөөр хэлбэл Олон улсын жишгээр Түүхий газрын тосны биржийн үнээс бүтээгдэхүүний үнийг тооцдог аж. Шатахууны чанарын тухайд БНХАУ-ын Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэр нь сүүлийн үеийн техникээр тоноглогдсон, орчин үеийн технологи бүхий үйлдвэр. Тиймээс "Mонгол-93” автобензин нь байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай бүтээгдэхүүн юм байна. “Mонгол-93” автобензин нь манай холбогдох стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд Олон улсын жишгээр бол евро-2 стандартын бүтээгдэхүүн аж. Хойд хөршөөс авч байгаа бүтээгдэхүүн болон манай стандартын үзүүлэлттэй харьцуулахад октаны агууламж нь 1.5 нэгжээр илүү байгаа нь дутуу шаталтаас үүсэх хорт хийг бага ялгаруулах гэнэ. Мөн давирхай, хар тугалганы агууламж ч евро-2 стандартад зааснаас бага юм байна.
Тиймээс “Mонгол-93” шатахууны чанарт эргэлзэх хэрэггүй гэдгийг яамныхан хэлсэн юм. Мөн тэд цаашид газрын тосоо өөрсдөө боловсруулах, нүүрсийг шингэрүүлэх болон шатдаг занараа ашиглах байдлаар шатахуун гаргаж эх орныхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар газрын тосны бүтээгдэхүүн экспортлогч орон болох зорилт тавин ажиллаж байгаа гэнэ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ