Эдийн засгийн ил тод хуулийн хугацаа дууслаа

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжих хугацаа энэ сарын 20-нд буюу өнгөрсөн бямба гаригт дуусав. Энэ хууль хэрэгжсэнээр 14.4 их наяд төгрөгийн хөрөнгө, ажил үйлчилгээ ил болсон гэх урьдчилсан мэдээ бий. Хуулийн хүрээнд нуун дарагдуулсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг сайн дураар ил болгосон тохиолдолд нэг удаа хариуцлагаас чөлөөлөхөөр заасан.

Хэрэгжих хугацаа нь арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болох байсан ч, тайлан ирүүлж буй хуулийн этгээдийн тоо хангалтгүй байсан тул нэг удаа сунгасан. Хариуцлагаас чөлөөлснөөр татварын орлого бүрдэлт өсч, хөрөнгө оруулалтын урсгал сайжирна гэж албаны эх сурвалжууд мэдээллээ.

Мөн бизнес эрхлэгчид шударгаар үйл ажиллагаа явуулах боломж нээлттэй болох юм. Эцсийн дүндээ сүүдрийн буюу далд эдийн засгийг бууруулна гэдгийг албаныхан онцолж байлаа.

Дээрх хуульд зургаан төрлийн татварын тайлан, долоон төрлийн хууль хамрагдана. Тухайлбал, Нийгмийн даатгал, Хуулийн этгээдийн улсын бүртгэл, Нягтлан бодох бүртгэл, Гааль, Захиргааны хариуцлага, Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль орно. Хуулийн хүрээнд 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнөх хугацааг хязгааргүй заасан бөгөөд аливаа нуун дарагдуулсан орлого, хөрөнгө, үйл ажиллагаагаа ил болговол холбогдох зургаан төрлийн татвар болон аливаа нөхөн төлбөр, алданги тооцохгүйгээр чөлөөлж байгаа. Зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлийг төлнө. Үүнтэй холбоотой хүү, торгууль нөхөн төлбөрөөс чөлөөлсөн юм. Тиймээс өнгөрөгч долоо хоногт хуулийн хугацаа дуусахаас өмнө төлбөрөө шилжүүлсэн байх учиртай.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ