Ирэх оноос сурагчдад санхүүгийн мэдлэг олгох хичээл заана

Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монголбанк, Сангийн яам, БШУЯ, Санхүүгийн зохицуулах хороо, Дэлхийн банк хамтран үндэсний хөтөлбөр боловсруулж, энэ оноос хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрийн хүрээнд ЕБС-иудын ахлах ангийн сурагчдад "Бизнес судлал" хичээлийг туршилтаар зааж эхлээд байгаа аж. Харин их дээд сургуулиудад мэргэжил харгалзахгүй санхүүгийн мэдлэг олгох хичээлийг ирэх 2016-2017 оны хичээлийн жилд заахаар болжээ.

Энэ талаар Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Г.Баярмаагаас тодруулахад "2016-2021 оны хооронд хэрэгжих уг хөтөлбөрийн хүрээнд ахлах ангийн сурагчдын хичээлийн хөтөлбөрт "Бизнес судлал" хичээлийг туршилтаар зааж эхэлсэн байгаа. Энэ хичээл долоо хоногт хоёр цагаар орж буй юм. Харин их дээд сургуулиудад мэргэжил харгалзахгүйгээр санхүүгийн мэдлэг олгох сургалтыг хийхээр болсон" гэв.

Мөн энэ оны гуравдугаар улиралд багтаан бүх насныханд зориулсан санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх програм хэрэгжих аж.

Хөтөлбөрийн эцсийн зорилго нь иргэдийг ирээдүйн хэрэгцээндээ зориулсан хуримтлал үүсгэхэд сургах, хөрөнгийн зах зээлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, санхүүгийн залилангаас хэрхэн урьдчилан сэргийлэх гэх мэт ойлголтыг өгөх ажээ.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ