Энэтхэгт Монголын өдрүүд явагдаж байна

Монгол улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайдын яам Энэтхэгийн Аялал жуулчлалын корпорацийн “Maurya” зочид буудалтай хамтран Шинэ Дели хотноо энэ сарын 20-28-нд Монголын өдрүүдийг зохион байгуулж байна.
Монгол улсын ЭСЯ “Модерн Номадс”, ардын урлагийн “Түмэн эх” чуулгын дэмжлэгтэйгээр зохиож буй долоо хоног үргэлжлэх “Монголын өдрүүд” хэмээх энэхүү арга хэмжээг хоёрдугаар сарын 22-нд нээж Элчин сайд Г.Ганболд, “Maurya” зочид буудлын ерөнхий менежер З.Сонгадавала нар үг хэлэв.
Нээлтийн ёслолд Энэтхэгийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Гадаад хэргийн яам, Гадаад орнуудтай соёлоор харилцах зөвлөлийн болон Монгол улстай ажил хэргийн өргөн харилцаатай боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, бизнесийн байгууллагууд, Шинэ Дели хотоос хавсран хамаардаг Өмнөд Азийн улсуудын Элчин сайдууд, ДТГ-ын ажилтнууд, Мумбай, Чиннай, Колькутта хотод суугаа Монгол улсын Өргөмжит консулууд, Монгол улсын ЭСЯ-ны ажилтнууд, Энэтхэгт оршин суугаа монгол иргэдийн төлөөлөл оролцов.
Монгол өдрүүдэд оролцогчид Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтсоосны 60 жилийн ойн хүрээнд тус тусын салбар, чиглэлүүдээр Монгол улстай харилцаж байгаа талаараа мэдээлж, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж санал бодлоо солилцов.
Шилдэг менежмент, өргөн сүлжээ, чанартай үйлчилгээ нь Энэтхэгт төдийгүй, олон улсад өндөр үнэлэгддэг тансаг зэрэглэлийн Maurya зочид буудалд зохиогдож байгаа эл арга хэмжээнд “Модерн Номадс” рестораны мастер тогооч Х.Даваадорж, Б.Мөнгөншагай уригдан оролцож мэргэжил нэгтэй энэтхэг андуудтай ажлын арга туршлагаа солилцохын сацууүндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын хөгжимчин Ц.Чулуунцэцэг, Х.Дамдин нар ардын урлагийн тоглолтоо сонирхуулсан нь оролцогчдын талархлыг хүлээж байна.
Нүд баясахад сэтгэл сэргэдэгчлэн Монгол орон, монгол үндэсний соёл, хоолны урлагийг Энэтхэгийн олон нийтэд таниулан сурталчлах энэхүү арга хэмжээ нь Монгол улсын тухай гэрэл зургийн болон гар урлалын бэсрэг үзэсгэлэн, ардын урлагийн тоглолт бүхий цогц үйл ажиллагаа болсоноор үзэгч сонирхогчдын таашаалд нийцэж байна.
Шинэ Дели хотноо долоо хоног үргэлжлэх Монголын өдрүүдийн заллага, зар сурталчилгаа гадаад орнуудын дипломат төлөөлөгчдийн газар, ITC Maurya зочид буудлын сүлжээнд багтдаг 100 гаруй ресторанд хүрсэнээс гадна “Индия Эмпайр”, “Туризмфөст” энэтхэгийн хэвлэлүүд Монголын тухай нийтлэл ярилцлагуудыг нийтлэсэн нь уншигч олны сонирхлыг татаж байна.





СЭТГЭГДЭЛ БИЧИХ