Малчин залуу хүний амь онц хэрцгийгээр хөнөөв

Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд энэ сарын 22-23-нд шилжих шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, тус сумын 2-р баг Давхарын Ар гэх газарт иргэн Г /эр.34н/-г Ө /эр.32н/ гэгч нь хэвлийн тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон байна.

Уг хэргийн талаар тус сумын хэсгийн төлөөлөгч н.Бат-Оргилоос мэдээлэл авахыг хүссэн боловч хэргийн талаар мэдээлэл өгөхөөс эрс татгалзав. Тиймээс Цагаан-Овоо сумын Засаг дарга Ө.Амарсайхантай утсаар холбогдож хэргийг талаар тодруулсан юм.

Тэрээр "Хэрэг юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байна. Талийгаачийн цогцост өчигдөр задлан шинжилгээ хийсэн. Сэжигтэн Ө-г аймгийн цагдаагийн газар хорьсон байна. Бидний таамаглаж байгаагаар тэд хамтдаа архидан согтуурч байгаад муудалцаж нэгнээ хөнөөсөн гэсэн бодолтой байгаа. Хэрэг гардаг орой талийгаач Г /эр.34н/, сэжигтэн Ө /эр.32н/ нар хамтдаа сумаас хөдөө гэрлүүгээ явсан юм билээ. Тэд садан төрлийн холбоотой бус, багын найз нөхөд явсан улс. Сумаас гэртээ харих замдаа хамт архи уугаад ийм хэрэг гарсныг үгүйсэхгүй. Аймгийн цагдаагаас нарийн мэдээлэл авсан нь дээр байх" гэв.

Б.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ