МХТБҮНХ-ноос Засгийн газарт шаардлага хүргүүллээ

Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооноос /МХТБҮНХ/ Хурдан морины “Дүнжингарав-2016” уралдааныг зохион байгуулахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж мэдээлэл хийлээ.

Засгийн газрын шийдвэрээр “Дүнжингарав-2016” төвийн бүсийн уралдааныг энэ сарын 28-нд Төв аймагт зохион байгуулахаар болсон. Жил бүр болдог энэ уралдаан хүүхдийн эрхийг зөрчдөг учраас хориглох ёстой хэмээн тус байгууллагын зүгээс үзэж байгаа юм. Хурдан морины уралдааны унаач хүүхдүүдийн дийлэнх нь 6-12 насны хүүхэд байдаг бөгөөд өнгөрөгч онд “Дүнжингаравын их хурд” наадамд 7 хүүхэд мориноос унаж, нэг хүүхэд гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн тоо баримт бий. Мөн 2013 онд хурдан морины уралдааны үеэр 950 хүүхэд хөнгөн, дөрвөн хүүхэд хүнд гэмтэн, зургаан хүүхэд амиа алдаж байжээ.

Тиймээс Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдэж хурдан морины өвлийн уралдааныг хүйтний улиралд зохион байгуулахыг эсэргүүцэж байна.

Тус холбооны тэргүүн Д.Авирмэд “Энэ уралдаан бол түүхэн уламжлалаасаа гэхээсээ илүүү зугаа цэнгэлийн шинжтэй болсон. Харин энэ зугаа цэнгэлийн гол хохирогч нь хүүхэд болсон байна. Өвлийн хүйтэн жавар арилаагүй хатуу ширүүн энэ цаг үед хамгаалалтын хэрэгсэл, даатгалын асуудал бүрэн шийдэгдээгүй ийм нөхцөлд бага насны хүүхдийг хоёр цаг гаран хүйтэн агаарт давхиулна гэдэг бол хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг. Баяр наадмын хуулинд долдугаар сард болдог баярын уралдааныг зохицуулсан хэдий ч бусад үед болж байгаа уралдааны хувьд зохицуулаагүй. Шаардлагатай бол хүүхэд биш насанд хүрэгчид нь өөрсдөө уралдах хэрэгтэй. Дэлхий дээр манай улс шиг бага насны хүүхдээр морь унуулж уралдуулдаг орон өөр байхгүй. Тийм ч учраас бид үүнийг эсэргүүцэж Засгийн газарт шаардлага хүргүүлж байна” гэсэн юм.

Харин тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ш.Одгэрэл “Монголчууд уламжлалдаа өвөл морь уралдуулж байсан түүх байдаггүй. Сүүлийн хэдэн жил өвлийн морин уралдааныг ихэд зохион байгуулах болжээ" хэмээн дурдлаа.

Ийнхүү Хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбоо Дүнжингарав өвлийн уралдааныг бүрэн хориглохыг шаардаж, Хүүхдийн төлөө Үндэсний газрыг ч үйл ажиллагаагаа идэвхжүүлж, хүүхдийн эрх зөрчигдөхөөс хамгаалахыг санууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ