Балбад зорчигч тээврийн нисэх онгоц хадан хясаа мөргөжээ

Иргэний агаарын тээврийн “Tara Airlines” компанийн зорчигч тээврийн нисэх онгоц сүйрсэн урьдчилсан шалтгааныг Балбын эрх баригчид зарлажээ. Нисэх онгоц их манантай үед хадан хясаа мөргөсөн байна.

Цаг агаарын таагүй байдал аврах ажиллагааг хүндрүүлж байгаа ажээ. “Нисэх онгоц унасан газарт манантай хэвээр байгаа бөгөөд эрс хүйтэрсэн нөхцөлд цас орж байгаа байдлыг хүндрүүлж байна” гэж сүйрэл болсон Мьягди районы цагдаагийн газрын даргын хэлснийг хэвлэлд дурджээ. Нисэх онгоц мөргөсөн ул мөр хадан хясаанаас харагдаж байгаа бөгөөд бүх зорчигч тэр даруйдаа амь үрэгдсэн бололтой гэж тэр хэлсэн байна.

Нисэх онгоц бараг хөөрмөгцөөрадараас алга болжээ. Нислэг ердөө 18 минут үргэлжлэх ёстой байжээ. Хэвлэлд мэдээлснээр, нисэх онгоцыг эрж хайхад аврах албаны хоёр нисдэг тэрэг, түүнчилэн цэргийнхэн болон цагдаа нарыг илгээсэн байна.

Эрх баригчдын мэдэгдсэнээс үзвэл, 20 зорчигч болон багийн гурван гишүүн амь үрэгджээ. Тэдний дунд гадаадын хүмүүс, тодруулвал Хятад, Кувейтийн иргэд байсныг “India Today” сайтад бичсэн байна.

Зарим мэдээгээр, нисэх онгоцонд бага насны хүүхдүүд ч явж байжээ.

Нисэх онгоц хөөрөх үед цаг агаар зүгээр байсныг нисэхийн компанийн төлөөлөгчид дурдсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ