МАН, МАХН 95 жилийн ойгоо хамтран тэмдэглэх санамж бичиг байгууллаа


Ирэх гуравдугаар сарын 1-ны өдөр болох “Эх орончдын баярын өдөр”-ийг хамт тэмдэглэх хүсэлтийг МАХН-аас МАН-д тавьсан. Тэгвэл тус хоёр нам 95 жилийн ойн баяраа буюу “Эх орончдын баярын өдөр”-ийг хамт тэмдэглэхээр болсноо албан ёсоор зарлаж харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсгийг МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Булгантуяа, Д.Амарбаясгалан, МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга нар зурсан юм.Ойн баярыг хамтран тэмдэглэх ажлын хэсгийг хоёр намаас гарган ажиллаж байгаа аж.
Энэ талаар МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Булгантуяа “МАН-ын удирдах зөвлөл хуралдаж МАХН-аас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авсан. Ойн баярыг хамтран тэмдэглэх ажлыг албажуулж санамж бичигт гарын үсэг зурж байна. Хөдөө орон нутагт мөн хамтран тэмдэглэх чиглэл өгсөн” гэсэн юм.
Эх орончдын баярын өдөр хоёр намынхан Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөхөөс гадна Соёлын төв өргөөнд баярын хурал зохион байгуулах юм байна. Мөн энэ сарын 29-ны өдөр Эрдэм шинжилгээний бага хурал, телевизийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах аж. Харин бөхийн барилдаан болон бусад арга хэмжээг явуулах нь Сонгуулийн хуулиар хориглосон учир зохион байгуулахгүй юм байна.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ