“Тэнгэрийн хишиг” тараав

Бялуу буюу бидний сайн мэдэх торт хэмээх амттаныг Хубилай хаан анх санаачилсан гэвэл та итгэх үү? “Нийтээр цэнгэлдэхэд хүрэлцэх амттан бэлдэх”-ийг нэгэнтээ зарлигдсанаас эл тансаг зоог бий болох эхийг тавьжээ. Үүнээс дөрвөн зууны дараа Англид албан ёсоор үүсч, патент энэ тэрийг нь авсан юм байх. Бялууны баяр Монголд өнөөдөр анх удаа боллоо гэхэд хилсдэхээргүй нэгэн ёслолын арга хэмжээ хотын баруунтаа тохиолоо. Бяцхан үрсээ тэвэрсэн, хөтөлсөн, дагуулсан эцэг, эхчүүд, анги, найз нөхдөөрөө цугласан хүүхэд багачууд үдийн алдад 10 дугаар хороололд орших “Тэнгэрийн хишиг” компанийн гаднах талбайг бүчжээ. Тэнд амтат бялуу, элдэв боов, жигнэмэгийг жинхэнэ амталж байлаа. Хүүхдүүд хүссэнээ хүртсээр зарим нь бүр цадсан бололтой гэдсээ илэн зогсож харагдана. Амтат болон шоколадан бялууны үзүүлэх “тоглолт” болсон нь үзэгч, оролцогчдын архаарлыг онцгой татлаа. “Шоколадан” охид, хөвгүүд хөгжмийн аясанд бүжин өөрийгөө танилцуулж байсан хэрэг. Монголын хүүхдийн ордны авьяаслаг багачууд ая дуу, бүжиг хөгжмийн тоглолтоосоо ч сонирхуулав. Азын сугалаа, хөгжөөнт тоглоом гээд байхгүй юм тэнд бараг алга. Тус компанийн захирал Р.Мягмарсүрэн хуран цугласан олонд өөрсдийн хийдэг бүтээгдэхүүнийг товч танилцуулав. Бидний сайн танил “Амтат”, “Тансаг”, “Бөөрөлзгөнө” гээд хориод төрлийн бялуу, “Амуу”, “Соёлж” талх, “Мушгиа”, “зүсэм”, “Савхан” зэрэг боов, жигнэмэг хийдэг юм байна. Бүгд л олны танил, энэ компанийн нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн байсныг хэлэх хэрэгтэй. Тэр бүхнийхээ дээжээр хүрэлцэн ирсэн зочдоо дайлсан юм. Өөрөөр хэлбэл, “Тэнгэрийн хишиг” тараав. Энэхүү арга хэмжээ Эх, үрсийн баяр угтсанаараа онцлог бөгөөд цаашид уламжлал болох ажээ.
Г.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ