Намуудын санхүүжилтийг ил болгох ёстой гэв


Иргэн А.Одончимэг Авлигатай Тэмцэх Газраас Улс төрийн намуудын санхүүжилттэй холбоотой асуудлыг шалгаж эхэлсэнтэй холбогдуулан 2016 оны сонгуулиас өмнө парламентад суудалтай болон бусад улс төрийн намуудын үйл ажиллагааны санхүүгийн тайланг шалгаж ард түмэн, сонгогчдод ил тод мэдээлэхийг шаардаж тус газарт өргөдөл хүргүүлжээ.
Энэ талаараа өнөөдөр олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ. Түүний үзэж буйгаар сүүлийн үед МАХН, түүний удирдлагыг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэн олон нийтэд буруутай мэтээр гүтгэн нийгмийг төөрөгдүүлэх явдал төрийн байгууллагын зүгээс гарах болсон.
Ялангуяа сонгууль дөхөж буйтай холбогдсон улс төрийн ээлжит шоу, хэлмэгдүүлэлт давтагдаж авлига, албан тушаалын хэрэг гэх нэр дор МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба, МАХН-ын Санхүү хариуцсан Нарийн бичгийн дарга П.Цогтбаатар нарын удирдлагуудыг хомроглон баривчилж, хилсээр ял тулгах гэж хичээж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.
Иймээс АТГ улс төрийн намын санхүүжилт, авлигатай холбоотой хэргээр МАХН-ыг шалгаж эхэлсэн юм бол парламентад суудалтай болон бусад улс төрийн намуудын үйл ажиллагаа, сан хөмрөг, санхүүжилтыг адилхан шалгаж, 2016 оны сонгуулийн өмнө сонгогчдод ил тод болгож өгөхийг хүслээ.
Б.БОлор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ