Н.Наран: Нярайг хөнөөх зорилгоор шидсэн...

Төрсөн үрээ хөнөөх зорилготой битүүлээд гурван давхраас шиджээ
Өчигдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 27 дугаар байрны хогийн савнаас төрөөд гурав хонож буй нярай хүүхдээ хаясан аймшигт хэрэг гарчээ. Уг хэргийн мөрөөр нэхэн сурвалжиллаа.
Биднийг тус байранд очиход байрны оршин суугчид нярай хүүхдийн талаар бүгд мэдэж байв. Оршин суугчид, “18-19 насны эмэгтэй хүүхдээ тэврээд тортой юм бариад орсон. Гэтэл удаа ч гүй хүүхэдгүй тороо бариад гарсан” гэж байлаа.
Тиймээс тэд даруй орцны жижүүрт мэдэгдэн, хүүхдийг орцоор хайж эхэлсэн байна. Гэтэл хүүг гурван давхрын орцны хогийн савнаас нэг давхар луу шидсэн байжээ. Ингээд орцны жижүүр Н.Нарангаас зарим зүйлийг тодрууллаа.
Н.Наран: Нярайг битүүлж л алах гэж байсан юм шиг байна лээ
-Хүүхдийг анх хэн харсан бэ?
-Өчигдөр би орцны хог шороог цэвэрлээд, гэрлийн чийдэн аваад ирж байсан чинь хоёр давхрын оршин суугч эмэгтэй над руу нэлээн айсан байдалтай ирсэн. Тэгээд “Эгчээ, сая нэг толгойгоо боосон хүүхдээ тэвэрсэн эмэгтэй манай орц руу орсон.
Нэлээн сэжигтэй харагдаад байхаар нь гарч явахыг нь цонхоороо хартал хүүхэдгүй зөвхөн тороо бариад гарч явлаа. Хоёулаа хүүхдийг нь хайя” гэсэн. Тэгээд бид хоёр бүх давхрыг шалгатал хүүхэд байгаагүй. Тэгээд хогийн сав руу хартал хүүхэд дуугараагүй.
Бүр доод давхрын хогийн сав руу орох гэхээр айгаад. Хүмүүсээс их тусламж гуйсан л даа. Гэтэл зарим нэг нь мөнгө төгрөг нэхээд, зарим нь айгаад байна гээд хогийн сав руу орохгүй байсан. Харин азаар урд байрны Б.Баттогтох гэж залуу явж байхаар нь энэ хогийн саванд хүүхэд байна уу хараад өг гэж хэлсэн. Ашгүй Б.Баттогтох ортол яг хүүхэд уйлаад тэгээд хүүхдийг тэврээд гараад ирсэн.
-Хүүхэд ямархуу байдалтай байсанбэ?
-Хүүхдийг яг хөнөөх зорилготой шидсэн юм шиг байна лээ. Өлгийгөөр битүү ороогоод, ноосон малгайгаар нүүрийг нь битүү таглачихсан.
Тэгээд дээрээс нь зузаан хөшгийг олон давхарлаад боочихсон. Битүүлж л алах гэж байсан юм шиг байна лээ. Хүү байдгаараа улайчихсан байсан.
-Хүүхдийг бол маш хурдан олжээ?
-Харин тийм. Тиймээс л хүү амьд гарсан. Жаахан удсан бол амьсгалж чадахгүй амиа алдах байсан ч юм билүү. Дор нь арга хэмжээ авсан. Хүүхэд төрөөд хоёр гуравхан хонож байгаа бололтой байсан. Тэгээд цагдаад өгөөд явуулсан.
-Хүүхдийн эх энэ хавьд байдаг юмуу. Хэд орчим насны эмэгтэй байсан бэ?
-18-19 настай л эмэгтэй байна лээ. Энэ хавийнх биш. Эх нялхаст төрөөд л гараад хүүхдээ хаясан байж болзошгүй.
-Гурван давхраас шидсэн гэхэд биеийн байдал нь гайгүй байна уу?
-Өлгий нь зузаан байсан бололтой. Гайгүй байна лээ. Эвшээгээд л байсан.
Орцны жижүүр эмэгтэй ийм мэдээлэл өглөө. Тэрээр эх хүн байж ядаж орцонд үлдээгээд л явчихгүй дээ хэмээн халаглаж байв. Мөн оршин суугчид “Байрны бүх давхрын хогийн сав хаалттай байдаг.Гэтэл гуравдугаар давхрын хогийн савны тагийг авч, онгойлгож байгаад хаясан байна” гэсэн юм.
Ингээд хүүхдийг хогийн савнаас гаргаж авсан залуу Б.Баттогтохоос зарим зүйлийг тодруулав.
Б.Баттогтох: Гурван давхраас шидсэн гэхээр нь үхсэн хүүхэд байх вий л гэж айж байлаа
-Хүүхдийг олж авахад ямар байв?
-27 дугаар байрны жижүүр эгч намайг хогийн сав руу ороод хүүхэд байна уу үзээд өг гэсэн. Би гайхаад асуутал “Толгойгоо боосон эмэгтэй хүүхэдтэй орчихоод хүүхэдгүй гарлаа. 1-12 давхрыг тэр чигт нь шалгахад хүүхэд байсангүй. Гуравдугаар давхрын хаалттай хогийн сав онгорхой байна.
Хүүхдээ энүүгээр доош унагаасан юм шиг байна гэсэн. Тэгээд би ч орохоос айж байсан ч хүүхэд байж магадгүй гэхээр нь орсон л доо. Гурван давхраас шидсэн гэхээр нь үхсэн хүүхэд байх вий л гэж айж байлаа. Тэгээд шүдэнз зураад гэрэл гаргаад ортол хүүхдийн уйлах дуу гарсан. Тэгээд л хүүхдийг тэврээд гаргаж ирсэн.
-Хүүгийн байдал ямар байсан. Бэртэж гэмтсэн байна уу?
-Азаар хогийн саванд баахан обой, цаас энтэр байсан. Хүү зөөлөн юман дээр унасан болохоор бэртэж гэмтээгүй байсан. Харин алах гэж байсан бололтой. Нүүрийг нь малгай, өлгийгөөр битүү ороочихсон байсан. Хүү ч нэлээн улайчихсан байдалтай олдсон. Хүмүүсийн хэлснээр өлгий нь Эх нялхасаас өгдөг өлгий байна гэсэн. Ус уух хувьтай хүүхэд байна лээ.
-Цагдаагийн байгууллагаас таниас мэдүүлэг авсан уу?
-Авсан. Би ч болсон явдлыг тэр чигт нь ярьсан.
Нярайг анх олсон залуу, орцны жижүүрийн хэлснээр ээж нь хүүхдээ алах зорилгоор ийнхүү хогийн савруу шидсэн байжээ. Одоогоор хүүг ЭХЭМҮТ-д хүлээн аван эмчилж байгаа аж. Нярайг тархины гэмтэлтэй байж болзошгүй хэмээн тус төв хүлээн авсан ч эрүүл байжээ. Тиймээс удахгүй хүүхдийн сувилалд хүлээлгэн өгөх юм байна.
Б.Надмид: Хүүхдийн биеийн байдал сайн байгаа
Хүүхдийн биеийн байдлын талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Чанарын менежер Б.Надмидаас тодруулахад “Нярайн биеийн байдал сайн байгаа. Нярайд шаардлагатай бүх эмчилгээг хийсэн. Удахгүй хүүхдийн сувилал руу шилжүүлнэ” гэлээ.
Эхийн гурав дахь төрөлт байжээ
Нярай энэ сарын 27-нд төрсөн. Төрөөд гуравхан хонож байжээ. Ээж нь Төв аймгийн харьяат. Энэхүү хаясан хүүхэд гурав дахь хүүхэд нь байсан аж. Одоогоор яг ямар шалтгааны улмаас хүүгээ хаясныг Баянгол дүүргийн цагдаагийн албан хаагчид шалгаж байна. Мөн өглөө нярайн аав, ээжийг нь олж тогтоосон мэдээлэл цацагдсан ч Баянгол дүүргийн байцаагч Н.Оюун уг мэдээллийг үгүйсгэв.
Н.Оюун: Эхийг олоогүй байгаа
Тэрээр “Нярайн аав, ээжийг олж тогтоогоогүй байна. Хэргийг дөнгөж шалгаж эхэлж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй. Юутай ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлж байна” гэв.
Нярайг хаясан ээжид одоогийн байдлаар Эрүүгийн хуулийн 117.1-т зааснаар төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Тэгэхээр хүүхдээ хаясан ээж хуулийн дагуухөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх,эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлахялаар шийтгүүлэх юм байна.
Гэвч мөрдөн байцаалтын явцад хүүхдээ хөнөөхийг завдсан нь тогтоогдвол бусдыг санаатайгаар алахыг завдсан гэсэн зүйл ангиар хэрэг үүсэн, шийтгүүлэх аж.
Б.Чимэг
Гэрэл зургийг Э.Энхтүвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ