ХҮН-ын Төв хорооны хуралд 30 гишүүн оролцжээ

ХҮН өнөөдөр намын төв хороогоо хуралдуулж УИХ-ын гишүүн С.Ганбаатарын үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд дэд дарга Б.Найдалааг томилсон юм. Мөн уг хурлын үеэр намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Түүний оронд Д.Гантулгыг ЕНБД-аар томилсон шийдвэрийг гаргасан.

Харин С.Ганбаатарын талынхан уг хурлын "Хууль бус хурал болсон. Гишүүдийн ирц бүрдээгүй, намын төв хорооны гишүүдийн 80 хувь нь сургалтанд сууж байсан" гэх мэдээллийг хэвлэлээр тарааж эхэлсэн. Мөн намын дарга С.Ганбаатар үүрэгт ажлаа үргэлжлүүлж байна гэх мэдээллийг ч тарааж байна. Тэгвэл Төв Хорооны хурлыг намын дүрмийн дагуу нийт 30 гишүүний ирцтэйгээр хийсэн байна. Намын дарга С.Ганбаатар намын дүрэм зөрчиж хууль бус шийдвэр гаргасны дээр намын дотоод эв нэгдлийг ханган багаар ажиллаж чадаагүй, ЗА андгайгаа зөрчсөн тул албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргажээ. Хуралд оролцсон 30 гишүүний 93.3 хувь нь С.Ганбаатар даргаа огцруулах нь зүйтэй гэдэг саналыг өгчээ. Харин Б.Найдалааг 63.3 хувь намын даргаараа сонгохыг хүлээн зөвшөөрсөн байна.

Түүнчлэн Намын төв хорооны хурлаас ойрын хугацаанд Намын их хурлыг хуралдуулах арга хэмжээ авахыг Удирдах зөвлөлдөө санал болгожээ.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ