Ким Чен Уныг цаснаа явагч , бас дарвуулт завьгүй болгов

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын эсрэг ээлжит хориг арга хэмжээ авав. Тийнхүү энэ оны эхээр цөмийн туршилт хийж, хиймэл дагуул бүхий пуужин харавсан Пхеньяны удирдлага хатуухан шийтгэл хүлээлээ.

НҮБ-ын тогтоолд БНАСАУ-аас нүүрс, төмрийн хүдэр, титан, ванадий, алт болон бусад үнэт металл авахыг хориглож, түүнчлэн тус оронд нисэх онгоцны бүх төрлийн түлш нийлүүлэхэд хориг тавихаар заажээ.

Үүнээс гадна, БНАСАУ руу явж байгаа бүх ачаанд хориотой бараа, технологи байгаа эсэхийг шалгаж байхыг улс орнуудад үүрэг болгож байна. Аюулгүйн Зөавлөл зэвсгийн хориг арга хэмжээг чангатгаж, банкны салбарт санхүүгийн хоригийг өргөжүүлэхээр бас шийдвэрлэснийг хэвлэлд дурджээ.

Баримт бичгийн тусгай заалтад БНАСАУ-д тансаг хэрэглээний эд зүйлс нийлүүлэхэд тавих хоригийг чангатгахаар бас заасан байна. Одоо үүнд үнэтэй цаг, цаснаа явагч машин болон дарвуулт завь хамрагдаж байна.

Шинэ хориг арга хэмжээ авсанд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нэн даруй баяр хүргэжээ. “Умард Солонгос эдгээр аюултай хөтөлбөрөө эцэс болгож,өөрийн ард түмэн үүнээс илүү сайн зам сонгох дохиог олон улсын хамтын нийгэмлэг өнөөдөр Пхеньяны удирдлагад өглөө” гэж тэр сэтгэл ханамжтай тэмдэглэсэн байна.

Умард Солонгос нэгдүгээр сарын 6-нд цөмийн туршилт хийж, нэг сарын дараа буюу хоёрдугаар сарын 7-нд "Кванменсон-4" зөөгч пуужингаар сансрын хиймэл дагуул тойрог замд амжилттай оруулсан юм. Ингэснээр Пхеньяны эрх баригчид 2006-1012 онд батласан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хэд хэдэн тогтоолыг нэг дор зөрчжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ