Ш.Сайхансамбуу: Түрээслэгчдийн хохирлыг барагдуулахгүй

“Нарантуул” олон улсын худалдааны зах хоёр дахь удаагаа галд өртөж, ихээхэн хэмжээний хохирол учруулав. Өнгөрсөн 2013 онд тус захын хүнсний зах нь бүхэлдээ шатсан бол өнгөрсөн шөнө бөс бараа, торго даавууны лангуунуудын 60 гаруй хувь шатсан.

Хурдацтай тархсан их хэмжээний галыг унтраахаар нийслэлийн гал түймэртэй тэмцэх найман ангийн гал сөнөөгчид шуурхай ажилласан бол ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүү нар үүрээр хэргийн газарт очиж үүрэг чиглэл өгөн ажиллажээ.

Одоогоор юунаас болж гал гарсан шалтгаан нөхцлийг тодруулахаад галын шинжээчдийн баг болоод мөрдөн байцаагчид ажиллаж байна. Тэгвэл “Нарантуул” захын босс Ш.Сайхансамбуу нэгэн хэвлэлд тодруулга өгөхдөө "Одоо цагдаагийн байгууллагад байцаалт өгөх гээд явж байна. Энэ бол угаасаа анхны тохиолдол биш гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Өмнөх жилийн гал түймэр бас л үүрээр гарсан шүү дээ. Энэ бол явуулга, санаатай хэрэг гэж үзэж байна.

Угаасаа энэ хэргийг хийдэг хорлон сүйтгэгч байгааг би мэдэж байгаа. Гэтэл цагдаагийнхан тэр этгээдийг олохгүй, ажлаа хийхгүй байна. Би өөрөө яваад гүйгээд ямар ч нэмэр тус алга байна. Харин түрээслэгч, худалдаачдын хохирлыг барагдуулахгүй. Учир нь манайх тэдэнтэй хийсэн ямар ч гэрээ байхгүй. Хийж ч байгаагүй. Би тэдэнд бараагаа битгий гадаа тавьж бай гэж хэлдэг байсан” гэжээ.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ