МАХН-д өгсөн хагас тэрбум төгрөгөө нэхэмжилж, АТГ-т ханджээ

Өнгөрсөн сарын 29-ний өдөр Булган аймаг дахь МАХН-ын дарга асан С.Дашдондог намдаа өгсөн хагас тэрбум гаруй төгрөгөө нэхэмжилж, АТГ-т ханджээ. Энэ тухай тэрээр цахим хуудастаа "Н.Энхбаяр даргын үгэнд итгэж МАХН-д өгсөн хагас тэрбум гаруй төгрөгөө авахаар нэхэмжлэл бичиж, АТГ-д өнөөдөр өглөө. Энхбаяр дарга энэ асуудлыг АТГ-д өг гэж 2015 оны 9-р сарын 23-нд өөрөө хэлсэн юм. Хэлсэн үгийг нь ёсоор болголоо. Шийлэгдамба болон Цогтбаатар нар шиг шоронд орох, над шиг мөнгө төгрөг, бүх насан туршдаа үнэнчээр зүтгэж босгосон нэр хүнд-капиталаа Н.Энхбаяр даргад завшуулчих вий гэж болгоомжлох үүднээс залуус дүү нартаа анхааралтай хандахыг ахмад хүний хувьд зөвлөж байна" хэмээн бичсэн байна.

Тэрээр намдаа хандив өгөх болсон шалтгааныхаа тухай “Би АНУ-д амьдарч байгаад 2011 оны сүүлээр Монголд буцаж ирсэн. Тухайн үед миний багын найз, сэтгүүлч зохиолч Чойжилийн Дамдиндоржоор дамжуулан Н.Энхбаяр дарга намайг дуудуулсан. Тэгээд би Н.Энхбаяртай уулзахаар очсон юм. Тэр надад МАХН-д, тэр дундаа Булган аймагт МАХН байгуулах санал тавьсан. Тэнд нэг ч хүн байхгүй, ямар ч намын байгууллага байхгүй болохоор Булганы МАХН-ыг босгоод өгөөч л гэсэн. Яахав, тэгээд сонгуульд харж үзнэ гэсэн утгатай зүйл ярьсан л даа. Гэхдээ надад тэр шийдвэрийг гаргахад маш хүнд байсан. Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжийн Баяр бид хоёр Москвад хамт ажиллаж байсан. Тэр Элчин сайдаар, би консулаар. Сайхан гар нийлээд ажиллаж байсан найз нар ч гэж болно. Түүнээс гадна МАН-ын хуучин удирдлагууд бүгд намайг таньдаг, мэддэг. Бүгдтэй нь би сайн харилцаатай байсан. Тиймээс Н.Энхбаяр даргын саналыг хүлээж авах хүнд байсан юм. Мөн анх очиж уулзахад Н.Энхбаяр нам дээрээ ганцаараа л байсан. Тиймээс түүнийг ядарч явах үед нь тус болдог юм билүү гэж бодоод зөвшөөрсөн юм л даа” хэмээн ярьжээ.

Б.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ