БНАСАУ-ын удирдагч цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлтгэх захирамж өгчээ

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун ямар ч үед цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлтгэх захирамж өгчээ.
Өмнөдийн Ёнхап агентлаг Умард Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдэгдлийг иш татан өнөөдөр ингэж мэдээлсэн байна.
Ёнхап агентлаг “Солонгосын хойгийн байдал туйлын осолтой болсныг” тэмдэглэхдээ, “Умард Солонгос түрүүлж цөмийн цохилт өгөх боломжийг өөртөө олгох өөрчлөлтийг цэргийн номлолдоо оруулахаар зэхэж байна” гэж бичжээ.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын эсрэг дахин хатуу арга хэмжээ авсны дараа өдөр ийм мэдэгдэл хийсэн байна.
БНАСАУ-д нисэх онгоцны болон пуужингийн түлш нийлүүлэхийг хориглохоор заасан Аюулгүйн Зөвлөл гуравдугаар сарын 2-ны 2270 тоот тогтоолд тус орноос гарч байгаа бүх ачааг шалгах ажээ. БНАСАУ-д бүх төрлийн ердийн зэвсэглэл нийлүүлэхийг хориглож; тус орноос нүүрс, төмрийн хүдэр, алт, титан болон байгалийн ховор эрдэс авахыг нэлээд хязгаарлаж байгаа юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ