Гэрээт харуул хамгаалалтын гэрчилгээг цахимаар олгодог боллоо


Монгол Улсын Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 7 дугаар зүйл, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын Код 605-ын 4 дэх заалтын дагуу Улаанбаатар хотын цагдаагийн газраас Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийн гэрчилгээг олгон ажилладаг байна.
2016 оны нэгдүгээр сарын 25-наас эхлэн уг гэрчилгээг тус газраас цахим бүртгэлээр олгодог болжээ. Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд нь /www.ub.police.gov.mn сайт/-ын "Зөвшөөрөл" цэс рүү нэвтэрч, “SAS” программд гэрээт харуул хамгаалалтын албаны дэлгэрэнгүй мэдээллийг байршуулах шаардлагатай аж.
Өнөөдрийн байдлаар уг програмд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа гэрээт харуул хамгаалалтын албадын 50 хувь нь мэдээллээ бүрэн байршуулсан байна. Гэрээт харуул хамгаалалтын албад мэдээллээ бүрэн байршуулснаар бүртгэлийн гэрчилгээ олгогдож байна.
Тухайн хуулийн этгээд нь хамгаалагч нараа Хууль сахиулахын их сургуулийн хамгаалагч бэлтгэх дамжаанд суралцуулаагүй, Монголын харилцаа холбооны газраас радио давтамж ашиглах эрхийн бичгээ сунгуулаагүй зэрэг шалтгаан нь мэдээлэл байршуулах боломжгүй болгож байгаа тул хуульд зааснаар гэрээт харуул хамгаалалтын бүртгэлийн гэрчилгээний хугацаа дуусахаас нэг сарын өмнө тус газарт албан хүсэлтээ гаргаж, дээрх шаардлагуудыг бүрэн хангаж, хуулийн хугацаандаа бүртгэлийн гэрчилгээгээ авах ёстой юм байна.
Б.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ