Гиннест бүртгүүлэх “Монгол тэмээ-999”


Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Монгол тэмээ-999” уралдаан, тэмээчдийн зөвлөгөөнийг Даланзадгад хотноо энэ өдрүүдэд /2016.03.06-03.07/ зохион байгуулж байна. Дэлхийд хоёр бөхт тэмээгээрээ гоёж, Гиннест бүртгүүлэх “Монгол тэмээ-999” арга хэмжээнд Улсын их хурлын дарга З.Энхболд, Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Улсын их хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын төрийн түшээ эрхмүүд оролцож байна.

Улсын Их Хурлын дарга зөвлөгөөний нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Зөвлөгөөнд зөвхөн Өмнөговь аймгийн тэмээчид биш, тэмээтэй бүх аймгийн төлөөлөл оролцож байгаа юм байна. Би Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы завсарлагаанаар аймгуудад ажиллах орон нутгийн томилолтоо Өмнөговь аймгаас эхэлж байна. Сүүлийн үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй олон арга хэмжээ бий. Р.Бурмаа сайдын санаачилсан “Сайн малчин” дунд хугацааны хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд бүх малчныг сайн малчин болгох зорилт тавьсан. Сайн малчин бол бүх мал нь эрүүл, нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг, малчны дансаа хэрэглэдэг, тамга тэмдэгтэй, амьжиргаагаа авч явах хэмжээний малчин байх хэрэгтэй. Мал эрүүл байх юм бол мах, сүү, арьс ширээ экспортлох боломж малчдад бүрдэнэ. Тиймээс дотоодын хэрэгцээнээс илүү гарсан бүтээгдэхүүнүүдээ экспортлох хэрэгтэй. Үүний тулд мал эрүүл байх шаардлагатай.
Төрийн банк малчны зээлийн хүүгээ бууруулсан. Засгийн газрын хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах юм бол малчин дансаа ашигладаг бол малчны зээлийн хүү жилийн 18 хувь байгаа нь 10 хувь болж буурна. Төрийн банк бүх зээлийн хүсэлтийг хүлээн авах боломжтой. Төрийн банк гурван төрлийн шалгуур хангасан малчныг энэ сарын 15-наас хөнгөлөлттэй зээлд хамруулах болно.
Дэлхийд байдаг хоёр бөхтэй тэмээний гуравны хоёр нь Өмнөговь аймагт бий. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг нь дэлхийн брэнд болгох боломжтой. Тухайлбал, чихрийн шижин өвчнийг ингэний сүүгээр эмнэх боломжтой гэж сонссон. Өнөөдөр 2000 төгрөгийн үнэтэй байгаа ингэний сүү чихрийн шижин өвчнийг эмчилдэг гэдэг нь батлагдвал 20000 төгрөгт хүрэх ч магадлалтай. Өвөрмонголчууд Япон Улс руу ингэний сүү экспортлоод эхэлсэн, бид хоцорч байна. Гэхдээ төр засгаас энэ чиглэлийн арга хэмжээ авч байгаагийн дээр малчид та бүхэн экспортыг зорьж ажиллаарай. Та бүхний ажилд амжилт хүсье” гэлээ.
Их говийн тэмээчдийн наадамд Өмнөговь, Говьсүмбэр, Увс, Дорнод, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Говь-Алтай, Төв аймгаас 1200 гаруй хурдан тэмээтэй тэмээчид хүрэлцэн иржээ. Нээлтийн арга хэмжээний дараа "Сайхан хос" шалгаруулах тэмцээн болж 1-р байранд Өмнөговь аймгийн Цогт-овоо сумын хос, 2-р байранд Мандал-овоо сумын хос, 3-р байранд Ханхонгор сумын хос тус тус шалгарлаа

Газар газрын сайхан тэмээтэй сайхан хос, шилмэл ингэ буур, хурдан тэмээ цугларсан хэн бүхний сэтгэл тэнийсэн “Монгол тэмээ-999” арга хэмжээ “Тэмээчдийн зөвлөгөөн”-өөр үргэлжилж байна. ХХАА-н сайд Р.Бурмаа “Тэмээчдийн зөвлөгөөн"-д оролцогчдод хандан хэлсэн үгэндээ “Дэлхийн хоёр бөхт тэмээний удмын гол цөм нь монгол үүлдрийн тэмээ тул манай төр, тэмээ судлаач эрдэмтэд, малчид тэмээнийхээ генефондыг хамгаалж, тоо толгойг нь өсгөхөөр ажиллаж байна. Өнгөрсөн 2015 онд Өмнөговь аймагт үржүүлж байгаа “Ханын хэцийн хүрэн”, Говь-Алтай аймагт үржүүлж байгаа “Төхөм тунгалагийн хүрэн” омгийн тэмээг тус тус үүлдрээр баталлаа” хэмээн онцолсон юм.
Мөн энэ зөвлөгөөнөөр Хөдөө аж ахуйн салбарын асуудлуудыг хэлэлцэхийн зэрэгцээ мал сүргээ өсгөн үржүүлж, Монгол улсын үнэт баялагийг нэмэгдүүлж байгаа зарим малчдаа шагнаж урамшууллаа
Ж.Цас
СЭТГЭГДЭЛ БИЧИХ