АНУ, Өмнөд Солонгост цөмийн сэрэмжлүүлэх цохилт өгөхөөр БНАСАУ сүрдүүлэв


Улс орны аюулгүй байдалд заналхийлсэн нөхцөлд БНАСАУ АНУ болон Өмнөд Солонгост цөмийн сэрэмжлүүлэх цохилт өгөхөөр сүрдүүлжээ.РИА Новости агентлаг даваа гарагт ингэж мэдээлсэн байна.
“Солонгосын ардын армийн дээд удирдлагын мэдэгдлийн дагуу цөмийн сэрэмжлүүлэх цохилт өгөх болно” гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдэгджээ.
Зөвхөн илэрхий аюул үүсвэл хариу арга хэмжээ болгон цөмийн цохилт өгнө гэж Пхеньяны эрх баригчид түрүүнд нь сүрдүүлж байсан билээ. Гуравдугаар сарын 4-нд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унцөмийн зэвсгийг хэзээ ч хэрэглэхэд бэлэн байх захирамж өгсөн юм.
Өмнөд Солонгос, АНУ гуравдугаар сарын 7-нд хамтарсан сургуулилтын түүхэнд томоохон тактикийн сургуулилт хийхээр төлөвлөжээ. Цаашид өдөөн хатгалга хийхгүй байхыг Умард Солонгост анхааруулах нь уг сургуулилтынгол зорилго юм. Мөн БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгох стратеги боловсруулж, “Умард Солонгосын зүгээс халдвал сэрэмжлүүлэх цохилт өгөхөөр” бэлтгэх нь уг сургуулилтын бас нэг зорилго болж байна.
Сургуулилтын хугацаанд АНУ Солонгосын хойгт В-2 Northrop B-2 Spirit бөмбөгдөгч нисэх онгоцууд болон бусад төрлийн стратегийн зэвсэглэл авчирах төлөвтэй байна. Сургуулилтад америкийн 15 мянга гаруй цэргийн албан хаагч болон Өмнөд Солонгосын 300 мянган цэрэг оролцох ажээ. Сургуулилтын тэнгисийн хэсэгт Өмнөд Солонгосын 5 мянга гаруй тэнгисийн явган цэрэг, тэнгисийн цэргийн хүчний цэргийн албан хаагч, түүнчлэн АНУ-ын 7 мянган тэнгисийн явган цэрэг болон усан цэрэг оролцоно.
БНАСАУ сэрэмжлүүлэх цохилт өгөх боломжтой эсэхийг тодруулах зорилгоор холбоотнууд сургуулилтын хугацаанд умардын цэргийн идэвхижилд мониторинг хийх ажээ.
Солонгосын хойгийн түгшүүртэй байдал бүр гурав дахь сардаа үргэлжилж байгаа юм. Пхеньяны удирдлага устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа албан ёсоор зарласан нэгдүгээр сарын 6-наас түгшүүртэй байдал улам хурцадсан билээ.
Нэг сарын дараа тив хоорондын баллистик пуужин хөөргөснөөр дэлхийг зайнаас тандах зориулалттай “Kwangmyongsong-4” пуужинг тойрог замд оруулсан байна. Дэлхийн хамтын нийгэмлэг үүнийг баллистик пуужин хэрэглээн пуужин хөөргөхийг Умард Солонгост хориглосон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчсөн хэрэг гэж үзсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ