Одонгийн болон хүүхдийн мөнгө олгож байна

Алдарт эхчүүдийн одонгийн мөнгийг олгож эхэлсэн байна. Тухайлбал, нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газраас энэ сарын 4-нд банкууд руу шилжүүлжээ. Улмаар энэ сарын 7-ны өдрөөс эхлэн алдарт эхчүүдэд одонгийн мөнгийг нь олгож эхэлсэн байна. Зургаан хүүхэдтэй нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, дөрвөн хүүхэдтэй хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийн тэтгэмжийг жилд нэг удааөгдөг.

Улсын хэмжээнд 208 мянган одонтой ээж байгаагийн 78 мянга нь нэгдүгээр, 130 мянга нь хоёрдугаар зэргийн одонтой. Одонтой эхчүүдийн мөнгөнд нийт 25.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн хэмээн өнгөрсөн долоо хоногт Сангийн яамнаас мэдээлж байсан юм.

Үүнээс гадна хүүхдийн мөнгийг ч олгож эхэлсэн хэмээн эх сурвалж мэдээллээ. Хүүхдийн мөнгийг өрхийн амжиргааг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 насны бүх хүүхэд авах боломжтой. Өнөөдрийн байдлаар 970 мянган хүүхэд хүүхдийн мөнгө олгох боломж бүрдсэн юм байна. Иргэдийн хувьд бүртгэлтэй банкаараа дамжуулан авах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ