Татвараа төлөөгүй жолоочийн бичиг баримтыг хурааж байна

Өнгөрсөн хоёрдугаар сард хоёр болон долоогоор төгссөн жолооч нар албан татвараа төлсөн бол энэ сард гурав болон наймаар төгссөн тээврийн хэрэгсэлтэй жолооч нар татвараа төлөх учиртай. Хэрэв тухайн жолооч заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолдзамын цагдаа нар зогсоож торгох, бичиг баримтыг нь хураан авах зэрэг арга хэмжээ авч байгаа юм байна. Ингэхдээ тухайн жолоочийн бичиг баримтыг зогсоосон дүүргийнх нь татварын хэлтэст аваачиж өгч байгаа аж. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт явж байхад цагдаа зогсоогоод татвараа төлөөгүй байвал бичиг баримтыг нь хурааж Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст аваачиж өгнө. Тухайн жолооч бичиг баримтаа авахдаа тэр дүүргээс л очиж авах юм байна.
Монгол Улсад нийтдээ 700 мянга орчим машин бүртгэлтэй байдаг аж. Үүнээс идэвхтэй хөдөлгөөнд оролцдог нь 500 мянга бол үлдсэн 200 мянгыг нь гадагшаа зарагдсан, эвдэрч хэмхэрсэн эсвэл дээр үеийн машинууд эзэлдэг гэсэн судалгаа бий. Тиймээс Гааль, татвар, Авто тээврийн үндэсний төв, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран сүүлийн дөрвөн жил ямар ч оношилгоо, шинжилгээнд ороогүй, татвар төлөөгүй, замын камерт өртөөгүй машинуудыг улсын бүртгэлээс хасахаар шийдвэрлэжээ.Одоогийн байдлаар 700 орчим машины дугаарыг улсын бүртгэлээс хассан байна.
Хэрвээ таны тээврийн хэрэгсэл ямар нэгэн байдлаар хасах машины бүртгэлд орсон бол улсын дугаарын гэрчилгээ, тухайн иргэний машинаа хасуулахыг хүссэн өргөдөл байхад л хангалттай гэнэ. Харин бүртгэлээс хасуулахгүй гэж байгаа тохиолдолд өөрийн биеэр очиж татвараа төлөх ёстой аж. Нөгөөтэйгүүр өөрөө машинаа хасуулах хүсэлтэй байвал заавал татвараа төлж барагдуулах шаардлагагүй гэдгийг албаныхан онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ