Холбогдох газарт прокурорын шаардлага хүргүүлжээ

Ховд аймгийн Прокурорын газраас 2016 оны I улиралд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас зарим шалгалтын дүнг аймгийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, Цагдаагийн Ерөнхий газар болон Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд прокурорын шаардлага хүргүүлсэн байна. Тухайлбал:

1.“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Хорих 457 дугаар ангийн тусгаарлах тасалгаа, сахилгын байр, халуун усны ахуй нөхцөл холбогдох хууль тогтоомж, заавар, дүрэм журамд нийцэж байгаа эсэх”-ийг шалгахад тусгаарлах тасалгаа, сахилгын байр нь бэхлэгдсэн модон шалгүй, хаалга онгойлгох хязгаарлагчгүй, дохиоллын системгүй, халуун усны газрын тааз нь зарим хэсгээрээ цоорсон, резинэн шалавчгүй, агааржуулалтын системтэй гэх боловч шаардлага хангахгүй, ажиллаж буй ялтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаагүй, усанд орох зориулалт бүхий 2 ус халаагчтай боловч 1 нь ажиллахгүй, зарим гэрэлтүүлэг нь ажиллагаагүй, гар нүүр угаах зориулалт бүхий 4 тосгуурын 3 нь ажиллахгүй, ОО-ын зориулалт бүхий 6 суултуур, 6 шээлтүүр байгаа боловч мөн ашиглах боломжгүй зэрэг зөрчлүүд илэрсэн тул зөрчил дутагдлуудыг арилгуулах, дахин давтан гаргуулахгүй байх, Хорих 457 дугаар ангийн сахилгын байр, тусгаарлах тасалгаа, халуун усны байрыг шинэчлэн ахуй нөхцлийг Олон улсын гэрээ конвенц болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагад нийцүүлэх зорилгоор Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд,

2.Мөн аймгийн Прокурорын газраас Ховд аймгийн Цагдаагийн газрын Албадах байруудын үйл ажиллагаатай танилцахад баривчлах байранд номын сан, сургалтын өрөө байхгүй, баривчлагдсан этгээдүүд телевизийн нэвтрүүлэг үзэх боломжгүй, тус байрны нийтийн бие засах газар, душ, барилгын хана, шал, тааз, наар зэрэг нь холбогдох стандартад нийцэхгүй, агааржуулалтын системгүй, цагаан хэрэглэлээр баривчлагдсан этгээдүүдийг хангаагүй зөрчил дутагдал илэрсэн тул баривчлагдсан этгээдүүдийн эрхийг хангуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингист тус тус прокурорын шаардлага хүргүүлэн ажиллажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ