А.Ганчимэг: Найруулагчийн өгсөн дүрд хувирах чадвартай байх ёстой
Хувьсал продакшны дэлгэцийн уран бүтээд “Атганд үлдсэн эрдэнэ” киноны гол дүрийн жүжигчин А.Ганчимэгтэй ярилцлаа.
-Сайн байна уу, шинэ уран бүтээл нь дэлгэцээр гараад удаагүй байгаа ч үзэгчдийн зүгээс нэлээд ам сайтай байна.Эмэгтэй хүний хувьд эрэгтэй хүний дүрийг гаргах амар биш байсан байх?
- Маш их баярлалаа. Тэгэлгүй яахав. Би чинь өөрөө эмэгтэй хүн учраас эрэгтэй хүний дүрд тоглоно гэдэг нь асар их чадвар шаардсан ажил байлаа. Ганчимэг гэдэг хүн өөрийнхөө хэмжээнд, байдаг тэр бяцхан авьяасаа гаргаж тоглолоо. Мэдээж эмэгтэй хүн үсээ авхуулж, эрэгтэй хүний хувцас өмсөөд л эрэгтэй болчихно гэвэл өрөөсгөл шүү дээ. Хажууд минь байсан маш олон хүн зааж зөвлөсөн, эрэгтэй хүмүүсийг их ажиглаж туршлага хуримтлуулж байсан. Ямартай ч кино зураг авалт маань амжилттай дуусч, дэлгэцээр гарч байна.


-Өөрөө хөдөө нутагтай хэр ойр өссөн хүн бэ. Хөдөө нутаг, монгол ёс заншлыг харуулсан кинонд тоглох ямар байсан бэ?
-Бид нар мэддэг юм шиг хирнээ мэддэггүй зүйл маш их байлаг юм билээ. Яг зураг авалт хийгдээд явж байхад энэ чинь нээрээ яадаг билээ гэсэн зүйл олон гарч байсан. Энүүхэнд байгаад байгаа хирнээ нэг л гарч өгдөггүй зүйл олон байсан. Залуучууд бидний хэзээ ч алдаж болохгүй тэр зүйл бол монгол ахуй, монгол аж байдал маань юм болов уу гэж би эргэж бодоход хүрсэн. Өдөр тутамдаа эргэн санаж, үйлдэл болгондоо дурсаж байх ёстой зүйл бол монгол ахуй.
Өнгөрсөн зуны турш ааруул хатааж, адуу хурааж, үнээ малаа саагаад л өнгөрүүллээ
Миний хувьд хөдөө өсч, торниогүй. Хааяа л хөдөө орон нутгаар явдаг байлаа. Тиймээс монгол ахуйгаасаа нэлээд холдсон байжээ. Харин киноны зураг авалтгурван сарын турш хөдөө үргэлжилсэн учраас өнгөрсөн зуны турш ааруул хатааж, адуу хурааж, үнээ малаа саагаад л өнгөрүүллээ.
-Эрэгтэй хүний дүрийг маш чадварлагаар бүтээсэн харагдаад байна. Эмэгтэй хүн чинь цаанаасаа л нэг уяхан зөөлөн, алхаа гишгээ нь хүртэл эрэгтэй хүнээс өөр. Тэгэхээр энэ бүгдээс эхлээд дүр дээрээ маш нарийн ажилласан харагдаж байна?
-Тэгэлгүй яахав. Хамгийн наад зах нь л гэхэд эмэгтэй хүн чинь нарийхан жонгиносон хоолойтой, өөрт суучихсан биеийн үйлдэлтэй. Тэгээд цаашлаад харц, үйлдэл гээд бүх зүйл дээрээ ажиллах хэрэгтэй болсон. Өөрийн чинь хэлдгээр сур элдэх, олон удаа зодуулах, морь унаад хэдэн зуун мал хураах гээд л тоочоод байвал барагдахааргүй олон хэцүү зүйл тохиолдож байсан. Гэхдээ тэр болгоны ард гарч чадсандаа л баяртай байна.


-Зохиолч энэ дүрийг таньд зориулж бичсэн үү. Дүр сонголтоо яаж хийсэн бэ?
-Ерөнхийдөө найруулагч иймэрхүү сужеттэй, иймэрхүү кино хийхээр бодож байгаа гэж ярьж байсан. Зохиол дуустал дүрийнхээ талаар мэдээгүй байсан. Тэгээд найруулагч энэ Тайван гэдэг дүрд Ганчимэгийг тоглуулна гэхэд бараг л шоконд орсон. Би яана аа, энэ дүрд тоглож чадах болов уу яах бол гэж их эмээж хүлээж авсан. Гэхдээ эмээхийн хажуугаар маш их баярласан. Яагаад гэхээр жүжигчин хүн гэдэг найруулагчийн өгсөн дүр болгонд хувирах чадвартай байх ёстой, чадахгүй байсан ч гэсэн маш их хичээж заавал түүний ард гарах ёстой.
Жүжигчин хүн гэдэг найруулагчийн өгсөн дүр болгонд хувирах чадвартай байх ёстой
- Зураг авалтаа хаана хаана хийсэн бэ. Зодуулдаг хэсэгтээ орлон тоглогчтой байсан уу?
-Зураг авалтаа Төв аймгийн Эрдэнэ суманд, Говь-Алтай аймгийн Шарга суманд, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд хийсэн. Байгалийн маш үзэсгэлэнтэй газруудаар явсан. Зодуулдаг хэсэгтээ орлон тоглогчгүй өөрөө зодуулсан.\Инээв\
-А.Ганчимэг маань “Хэцүү анги” киноны урт үстэй хөөрхөн охины дүрээр олонд танигдаж байсан шүү дээ. Тэр сайхан урт үсээ хусуулсанд нь итгэхгүй олон хүн байсан?
- Мэдээж надад ч гэсэн тийм амархан байгаагүй. Хүмүүс гэсэн мэдэж байгаа би чинь өөрөө үсэндээ хэр барагтай л бол хайч хүргэдэггүй. Ерөнхийдөө үзэгчид ч гэсэн намайг урт үсээр маань төсөөлдөг. Яахав кинондоо фарик зүүгээд ч юм уу аргалах боломж байсан л даа. Гэхдээ тэгэхийг хүсээгүй. Сайн өдөр харж байгаад л үсээ хайчлуулсан.
Надаас их олон хүн “Үнэнээсээ үсээ авахуулчихсан юм уу” гэж асуусан. Үнэнээсээ үсээ авахуулсан. Одоо үс маань ургаад хөөрхөн боодог болчихсон. Үсний найр ч хийсэн. Бүтээлээ сайхан болгохын төлөө үсээ авахуулсан юм. Тийм болохоор сэтгэл санаагаар унасан, шаналсан зүйл байхгүй. Жүжигчин хүний туйлын зорилго бол дүр бүтээх байдаг. Гэхдээ би дүрийг бүтээсэн гэж хэлж чадахгүй. Энэ дүр дээр ажилласан гэж л хэлмээр байна.
Яахав кинондоо фарик зүүгээд ч юм уу аргалах боломж байсан


-Энэ дүр өөрийг чинь хэр эвдсэн бэ?
-Хүмүүс юу гэж дүгнэхийг мэдэхгүй байна. Гэхдээ энэ дүр намайг маш их эвдсэн гэж би хувьдаа боддог. Надаас асар их тэвчээр, хичээл зүтгэл шаардсан. Надгүй зураг авалт бараг байхгүй байсан болохоор өглөөнөөс орой хүртэл дандаа адуу малтай, эсвэл зодуулсан, зодолдсон хүнд, хүнд зураг авхуулсан. Маш их бүр маш их туршлага болсон.
-Сүүлийн үед танай продакшн дэлгэцийн, уран сайхны төрлөөр уран бүтээл хийж байна. Драмын урлаг руу орох болов уу гэсэн үзэгчдийн хүлээлт байгаа байх?
-Тэгэлгүй яахав. Бид нар тайзны урлагаа хэзээ ч орхихгүй. Тун удахгүй үзэгчидтэйгээ уулзана.
-Америкийн “Mongus” кино компанитай хамтарч ажилласан. Тэд таны чадварыг өндрөөр үнэлсэн гэсэн?
-АНУ-ын Холливуудын “E” фильм, “Mongus” кино компанитай хамтран бүтээсэн. Зураг авалтын дараа дөрвөн сарын турш дуу шуум, эвлүүлэг гээд бүгдийг Холливудын стандартаар АНУ-д хийсэн. “Атганд үлдсэн эрдэнэ” кино маань олон улсын кино театруудаар гарах стандартыг хангасан бүтээл болсон тул киногоо дэлхийн зах зээлд гаргахаар ярилцаж байгаа. Гадны уран бүтээлчид “Үнэхээр гайхамшигтай санагдаж байна. Монгол орныг ийм сайхан байгальтай, хүмүүс нь ийм сайхан өв соёлтой бөгөөд бүгд үндэснийхээ дээл хувцсаар гоёдог ард түмэн гэж төсөөлөөгүй байлаа” гэж байсан. Мөн кинонд ажилласан хүн бүр муухайгаар хэлэхэд халтуурдаагүй. Байгаа авьяас чадвар, сэтгэл зүрхээ бүгдийг нь зориулж энэ киног хийсэн. Хамтран ажилласан гадаадын зураглаачид “woow” гэж дуу алдаж, эвлүүлгийн ажил хийгдэж байхад “энэ үнэхээр чи мөн гэж үү” гэж гайхширч байсан. Тэднийг гайхшируулж, тэд нарт үнэмшүүлж чадсандаа хувьдаа баяртай байгаа.
Хамтран ажилласан гадаадын зураглаачид “woow” гэж дуу алдаж байсан



СЭТГЭГДЭЛ БИЧИХ