Ядаж өнөөдөр янжуур зуулгүй өнжихсөн...

Цөхрөнгөө барж, арга ядсан хүний үгээр эхэлснийг минь болгооно биз ээ. Дэлхийд нас барж буй арван хүний нэг тамхинаас үүдэлтэй шалтгаанаар үхдэгийг ДЭМБ зарлажээ. Манайд хийсэн судалгаагаар тамхи үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ үнэгүй авахыг санал болгосон тухай өсвөр насныхан дурдсан нь хачирхалтай гэхээсээ илүү аймшигтай санагдана.
Охидын тамхидалт ноцтой асуудал болсныг энэ чиглэл хариуцсан мэргэжилтэн өгүүлэв. Тамхи хортойг бид мэдэхийн дээдээр мэднэ. Эдийн засгийн хор холбогдлыг нь ч андахгүй. Тамхи хортой, амь насанд аюултай, хорт хавдар үүсгэдэг хэмээн ярьж, бичсээр байна. Гэсэн хэдий ч татсаар. Яагаад гэвэл, донтуулдагт нь байдаг гэх. Тамхийг аятайхан үнэр, амттай, элдэв хольцтой үйлдвэрлэдэг нь ч нөлөөлдөг бололтой. Тухайлбал, өнгө оруулахын тулд бэх, сэргээлт өгөх зорилгоор кофейн, таурин, тэр бүү хэл, аминдэм С, Е, бусад хүчил, жимс хүртэл нэмдэг юм байна.
Энэ нь эрүүл мэндэд тустай гэсэн үг биш юм. Японы үйлдвэрүүд нүүрсэн шүүлтүүртэй хэмээн тамхиа магтдаг нь хорыг шүүнэ гэсэн хэрэг бишийг ДЭМБ онцолжээ. Хорт хавдар үүсгэдэг бензприн, түүнтэй төстэй дөчөөд бодис, бусад эмгэг үүсгэхээр хэдэн зуун элемент ч тамхинд буй. Тэгвэл одоо яах вэ? Дэлхий нийттэймөр зэрэгцэн тэмцэхээс өөр арга үгүй болжээ. Дэлхий нийтийн чиг хандлагыг үзвэл, 174 орон “Тамхины эсрэг суурь конвенци”-д нэгджээ.
Манай улсын нэр дотор нь харагдана билээ. Конвенцийн гол зорилгыг “Тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэлтийн эсрэг хамтаар тэмцэх” гэжээ. Эдгээрийг бүрэн хориглох нь хамгаас чухал юм байна. Тэр нь өргөн хүрээтэй байвал зохилтойг ч өгүүлжээ. Улс үндэстэн доторхоос гадна хил дамнасан сурталчилгаа хийхийн эсрэг бүх хүчээ хандуулахыг уриалжээ. Эдгээр нь хувь хүн, аж ахуйн нэгжид бүгдэд нь хамаатай юм. Манайх “Тамхины хяналтын хууль”-иа шинэчилсэн нь дээр, доргүй хэл ам дэгдээв. Дэмжигчид ч, эсэргүүцэгчид ч байна.
Сайн тал ч харагдаж буй. Гудамж, талбайд тамхи улаан цагаан татаад явдаг нөхөд харагдахгүй болжээ. Ялангуяа өсвөр насны охид, хөвгүүд. Энэ бол яах аргагүй сайн хэрэг. Харин тамхичдыг 50 мянган төгрөгөөр торгодог эсэх нь бүү мэд. Тэр талаар баримт, мэдээ одоохондоо алга. Хуулийн зарим онцлог заалтаас сонирхуулъя.
Эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спортын арга хэмжээг тамхи үйлдвэрлэгчид ивээн тэтгэх, дэмжихийг хориглоно. Тамхи үйлдвэрлэгч өөрөө болон бусдаар дамжуулан хэн нэгэнд, ямар нэг байдлаар санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг зөвшөөрөхгүй. Нийгмийн хариуцлага нэрийн дор нийгмийн халамж, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах үйлсэд санхүүгийн дэмжлэг үзүүлж болохгүй гэх зэргээр тодорхойлжээ. Энэ нь манайд одоохондоо харьцангуй гайгүй байх.
Гэвч хянаж байхад илүүдэхгүй ээ. Өсвөр насныхан дотор явуулсан судалгааны нэгэн дүнг эцэст нь хүргье. Судалгаанд оролцогчдын жараад хувь нь самбар дээрх сурталчилгааг байнга шахуу хардаг. Дөчөөд хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар нэг байдлаар/кино, нэвтрүүлгээс/ үздэг. Арваад хувь нь тамхины брэнд, логотой тааралдсан.
Төд орчим хувь нь тамхи үнэгүй авах саналыг үйлдвэрлэгчдийн зүгээс авсан гэжээ. Сүүлчийнх нь хамгийн осолтой, гэмт хэргийн шинжтэй байгаа биз. Шуудхан хэлчихье, ядаж өнөөдөр янжуур зуулгүй өнжихсөн... Хэрхэхийг өөрөө мэдэгтүн.“Дэлхий нийтээр тамхи татахгүй өдөр” өнөөдөр тохиож байна.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ