Х.Пүрэвбадам: Түрүү жилийн номер давтагдахгүй

“Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллага,Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулдаг “Дэлхийн цирк Монголд 2016” олон улсын циркчдийн хамтарсан тоглолт гурав дахь удаагаа болох гэж байна.
“Монголын үндэсний цирк”-ийн гүйцэтгэх захирал Х.Пүрэвбадам хэлэхдээ "Циркийн урлаг бол эрч хүч, эр зориг, гоо сайхныг төгс бүрдүүлж чадсан гайхамшигт сонгодог урлаг юм. Өнөө үед Дэлхийн Циркийн урлагийн орчин үеийн хөгжлийн түвшинг Монголынхоо үзэгчдэд бодитоор хүргэж байх, үзвэрийн цар хүрээг өргөжүүлэн нэмэгдүүлэх, циркийн урлагийн бахдам сайхныг үзэгч олонд таниулах зэрэг томоохон зорилготойгоор энэхүү ажлыг хамтран хэрэгжүүлж байна. Гол онцлог гэвэл түрүү жилийн номер давтагдахгүй. Мөн арслан, одой морьд зэрэг ховорт тооцогдох амьтад ирнэ." гэдгийг дуулгалаа.
Түүнчлэн циркийн “Хаан” үзүүлбэр гэгддэг агаарын нисэлтийн үзүүлбэрээр дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Ардчилсан Солонгосын жүжигчид, циркийн амь эрссэн номеруудын нэг үхлийн цагираг буюу 10 метрийн өндөртэй төмөр цагираг дээрх үзүүлбэрээрээ БНХАУ-ын жүжигчид энэ тоглолтод нэгджээ. Мөн илбийн гайхамшгийг мэдрүүлэхээр Испанийн жүжигчид морилох бол сургуультай сармагчингууд, Африкийн гурван метр урттай матар, ховор үүлдрийн ноход сонирхолтой үзүүлбэрээ үзүүлэхээр Монгол орныг зорин ирэх гэнэ.
Энэ мэтчилэн тоглолтод олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай шилдэг жүжигчид оролцохоор манай улсыг зорин ирж байна. Тодруулбал, АНУ, БНАСАУ, Франц, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украйн, Вьетнам зэрэг 15 орны 60 гаруй жүжигчин оролцох юм. Арслан, лам гөрөөс, одой морьд зэрэг 5 төрлийн амьтан үзүүлбэрт оролцохоор Казахстан, Узбекстан улсаас өнөөдөр гарчээ.
Олон улсын циркчдийн хамтарсан тоглолт энэ сарын 26-наас дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хүртэл болно.

М.Ирмүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ