Нээлттэй шүүх хуралдаан зохион байгуулжээ

Улсын Ерөнхий Прокурорын газраас 2016 онд дэвшүүлсэн “Прокурорын мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд Говь-Алтай аймгийн прокурорын газраас санаачлан тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхтэй хамтран 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргийг үйлдсэн Ш, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн Б, нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг нээлттэй хийж, үзүүлэх шүүх хуралдаан зохион байгуулжээ.
Тус шүүх хуралдаанд улсын яллагчаар Говь-алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сайнхүү оролцсон ба ажиглагчаар аймгийн прокурорын газрын прокурорууд, хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан мөрдөн байцаагч, өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч нароролцсон байна.
Шүүх хуралдааны дараа шүүгч, прокурор, мөрдөн байцаагч, өмгөөлөгч нарын дунд Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахад гарч байгаа алдаа зөрчил, улсын яллагч, өмгөөлөгчийн мэтгэлцэх ур чадвар цаашид анхаарах асуудлуудын талаар санал солилцжээ.
Түүнчлэн цаашид шинэ залуу прокурор, өмгөөлөгч нарыг үзүүлэх шүүх хуралдаанд оролцуулж, хуулийн дагуу соёлтой, чадварлаг мэтгэлцэх арга барилд бусдаасаа суралцах ажлыг үргэлжлүүлэх, орон нутагт түлхүү үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, байгууллагын үйл ажиллагааг сурталчилах зорилгоор зарим хэргүүдийн шүүх хуралдааныг тухайн хэрэг гарсан сум, орон нутагт нь нээлттэй хийж байхаар шийдвэрлэсэн нь прокурорын мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үр дүнтэй ажил болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ