Микро автобусныхан эсэргүүцлийн жагсаал хийж байна

Микро автобусыг ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үйлчилгээнд явуулахгүй гэсэн шийдвэр гараад байгаа. Өнөөдөр иргэдэд үйлчилж буй 390 гаруй микро автобусны 37 нь буюу 2003 оны микро автобусууд наймдугаар сар хүртэл үйлчилгээнд явах аж. Үүнийг эсэргүүцэн Бага оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн гишүүд өнөөдөржагсаал зохион байгуулж байгаа юм байна.

Тус жагсаалд 1000 гаруй микро, 2000 орчим хүн цуглах байсан ч 100 гаруй микро, 500 орчим хүн цуглажээ. Тэд улиралд нэг удаа оношилгоогоонд орж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүсэлтэй байгаа гэлээ.

Нийтийн тээврийн газар алагчилсан хуулиар тэдэнд хандаж байна хэмээн микро автобусны жолооч нар үзэж байна. Учир нь тэдний хэлж буйгаар 2003 оны микро автобусны стандарт мөн адил дууссан тул ийнхүү ялгаварлах нь шударга бус явдал гэлээ.

Мөн тэд "Хотын алслагдсан дүүрэгт энэхүү үйлчилгээ шаардлагатай байгаа. Иргэд хүсэлтээ удаа дараа Нийтийн тээврийн газарт гаргаж байгаа боловч хариу арга хэмжээ авахгүй байна. Биднийг ажлын байраар хангахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжиж өлсгөлөн зарлаж, үхмэл хөрөнгөө шатаасан ч болно" хэмээн бухимдлаа илэрхийллээ. Ер нь энэ асуудлыг шийдэх боломж төрд байгаа гэдгийг ч хэлж байв. Хэрэв өнөөдөр ажилгүй боллоо гэхэд тэдний хувьд олон жил нийгмийн даатгал төлж байгаагүй, дээр нь тэтгэврийн нас нь болоогүй учир ажлын байраар хангах боломжтой болсон үедээ микро автобусыг үйлчилгээнээс хасах ажлаа эхлүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ