“Богцон дахь соёлын өв” сургалт семинар өнөөдөр эхэлнэ

Дэлхийн Өвийн боловсролоор дамжуулан Монголын залуу үеийн өвийн талаархи мэдлэг боловсролыг дээшлүүлэх санаачлагын хүрээнд бүтээгдсэн “Богцон дахь соёлын өв” сургалт семинарын нээлт Монголын Модерн Урлагийн Галерейд өнөөдөр болно. Энэхүү арга хэмжээний үргэлжлэл сургалт-семинарыг энэ сарын 19-20-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин хотод зохион байгуулах бөгөөд үүнд Дэлхийн Өв-Орхоны Хөндийн соёлын дурсгалт газрын нутаг дэвсгэрт орших ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл 14 багш сурган хүмүүжүүлэгчид оролцох юм.

“Богцон дахь соёлын өв” нь Монголын ерөнхий боловсролын сургуулийн 3-12 дугаар ангийн сурагчид болон багш нарт зориулсан, харилцан идэвхтэй бүтээлчээр ашиглах боломж бүхий сургалтын иж бүрдэл юм. Уг иж бүрдэл нь Монголын хүүхэд залуучууд өвийн үнэ цэнийг сургуулийн танхимд багшийн тусламжтай судлахад зориулагдсан бөгөөд өөрийн орон нутагт байгаа өвийг таньж мэдэх, хайрлан хамгаалах ур чадварт бүрэн суралцахуйц хэмжээний өргөн мэдлэг мэдээллийг агуулсан сургалтын хэрэгсэл юм.

“Богцон дахь соёлын өв” сургалтын иж бүрдэл нь 2009-2015 онд Монакогийн Вант улсын Итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжсэн ЮНЕСКО-ийн “Соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх чадавхийг дээшлүүлэх” төслийн хүрээнд бүтээгдсэн ба энэхүү төслийн залгамж болгон ЮНЕСКО-оос 2016-2017 онд хэрэгжүүлэх “Дэлхийн Өвийн боловсролоор дамжуулан Монголын залуу үеийн соёлын өвийн талаархи мэдлэг чадавхийг дээшлүүлэх” төслийн үйл ажиллагааны эхлэл болгон уг сургалтын иж бүрдлийн албан ёсны нээлтийг 3 дугаар сарын 17-нд Монголын Модерн Урлагийн Галерейд хийх юм.
Энэхүү нээлт, сургалт семинарын арга хэмжээг ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар болон Монголын Дэлхийн Соёлын Өвийн сургалт судалгааны хүрээлэн НҮТББ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын БСШУЯ, ЮНЕСКО-ийн МҮК болон Дэлхийн Өв-Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газрын Захиргаа дэмжин оролцож байгаа болно.

Дээрх байгууллагын төлөөллөөс гадна Соёлын биет болон биет бус өвийн сургалт сурталчилгаа, хадгалалт хамгаалалтын чиглэлээр ажилладаг бусад холбогдох ТББ болон дунд, дээд боловсролын байгууллагууд, цаашлаад зарим Элчин Сайдын Яамны Соёлын Аташе нар уригдан оролцох юм. Үүнд:
1. Соёлын өвийн төв
2. Хөшөө дурсгал, дурсгалд газрын Олон Улсын Зөвлөлийн (ICOMOS) Монголын Үндэсний Хорооны дарга
3. Монголын Урлагын Зөвлөл
4. Соёл Урлагын Их Сургууль
5. Хөгжим бүжгийн Kоллеж
6. “ТАSАМ” ТББ
7. Монгол дахь Японы Элчин сайдын Яам
8. Монгол дахь ХБНГУ-ын Элчин сайдын Яам
9. ЮНЕСКО-ийн Холбоот сургуулийн төлөөлөл
10. Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар
“Богцон дахь соёлын өв” иж бүрдэл хэрэгслийн сургалтын туршилтын шатны үйл ажиллагаанд Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий болон Архангай аймгийн Хотонт, Хашаат сумдын ерөнхий боловсролын долоон сугууль хамрагдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ