Идээд өгөөч ээ

Эрчим хүчний салбарын алдагдал 66 тэрбум төгрөг гэдэг дарсан тоо юм байна. Нарийн тооцвол 92 тэрбум давжээ. Энэ том салбарт 51 аж ахуйн нэгж багтдаг. Тэдгээрийн 17 нь төрийн өмчид үлдэж, бусад нь хувьчлагдсан байна. Гэтэл хувийн хэвшлийн компаниуд аж ахуйн тооцоон дээр ажиллаж болоод байхад мөнөөх 17 ТӨХК дандаа алдагдалтай ажиллаж ирэв. 92 тэрбумыг 17 компанид хуваавал нэг ТӨХК-д 5-6 тэрбум төгрөг ногдоно.
Алдагдлын үүд хаана байна вэ. Эрчим хүчний үнэ тарифийг нэмэхгүй буйгаас алдагдал ихэсч байна гэж ТӨХК-ийнхан гомдол тоочдог. Тэгвэл хувийнхан яагаад хувиа борлуулж, довоо шарлуулж болоод байгаа юм бол. ТӨХК-иудын Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ гэж ёстой хадны мангаа байна. Тэдгээрийн гишүүд сар бүр цалин авдаг. Цалингийн хэмжээ нь сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нугалснаас ихгүй байна хэмээн Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэжээ. Өмнө нь дөч тавин мянган төгрөг чамлахгүй авч болоод байсан хүмүүс одоо 400 мянга шахам төгрөг халаасалдаг. Нэг ТУЗ хараат бус 7-9 гишүүнтэй. Дээр нь Хяналтын зөвлөлийн 3-5 хүн нэмэгдэнэ. Нийт 17 компанийн ТУЗ-д дунджаар 200 гаруй “хоолны сав” байна. Жишээ нь дулаан хангамжийн компанийн ТУЗ-д малын эмчийн хэрэг байна уу.
ТӨХК болгон ТӨХ-гоор зорилтот төлөвлөгөө батлуулдаг. ТӨХ-ны нэг ажилтан дунджаар гурван ТУЗ-д гишүүнээр ажилладаг. Чи долоон ТУЗ-д орсон байхад би гуравхан ТУЗ-д багтдаг гэсэн хэрүүл энд байнга гардаг гэж байгаа. Эрчим хүчний салбарын ТӨХК-ийнхан төлөвлөгөө давуулсны шагналд сая сая төгрөг авлаа л гэдэг. Цахилгаан, дулаан хомсдолтой байхад тэд төлөвлөгөөгөө давуулан биелүүлээд байдаг нь хялбархан зорилт тавьж, түүнийг мөнөөх ТӨХ-ноос ТУЗ-д сонгогдсон төлөөний хүмүүс хөөцөлдөж батлуулдаг нь нууц биш болжээ. Ингээд төлөвлөгөөгөө давуулсны шагналд цалингийн 80 хувь, дээр нь таван сарын цалинтай тэнцэх мөнгө авна. Нэг жил 12 сартай, нэг сар ээлжийн амралтаа авч, 11 сарын цалин дээрээ таван сарын цалингийн шагнал аваад байхаар энэ салбар ашигтай ажиллаж чадах уу. ДЦС-ын дарга, инженерүүд хэдэн арван сая төгрөгийн шагнал авч байсан нь шалгалтаар илэрч байна.
Бас энэ салбарт шахааны бизнес маш эртнээс цэцэглэсэн. Сэлбэг хэрэгсэл ховор ерээд оноос амь тариа хийхийн тулд юм болгоныг өндөр үнээр авдаг байлаа. Донор орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл эхлээд эрчим хүчний салбарт л цутгаж байсан. 1993-2013 онд хэдэн ДЦС барих хөрөнгө мөнгийг ингэж үрэн таран хийсэн биз.Салбарынхаа сайдаас эхлээд төр, засгийн чихэнд байнга хонх уяж, хэрэглэгчдийн сэтгэл санааг дарамталж байдаг цахилгаан, дулааны үнэ нэмэх ярианы цаана 17 ТӨХК-ийн удирдлагын үрлэгэн менежментээ хаацайлах гэсэн далд шунал буцалж байна.
Шог зохиолч М.Дэмчигийн “Идээд өгөөч ээ” гэсэн шог өгүүллэг санаанд тодхон. Эрчим хүчний салбарын удирдлагуудын царай сэтгэлд илхэн.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ