Б.Наранзун: Хэл ус гадарладаг, хэрэгт дуртай маань Батаарын наймаачинг илрүүлэхэд тус болсон

Урлаг судлаач, ая зохиогч Б.Наранзуныг БСШУЯ, Соёлын яаманд ажиллаж байсныг хүмүүс андахгүй мэдэх биз ээ.

Тэрбээр Соёлын газрын даргаар ажиллаж байхдаа Батаарыг таних ажлаар АНУ руу явж, үлэг гүрвэлийн наймаачныг илрүүлж байжээ.

Тодруулбал, Батаарыг дуудлага худалдаан оруулах гээд ид шуугиж байх үеэр БШУ-ны сайдын томилгоогоор Б.Наранзун палеонтологич Х.Цогтбаатар, П.Цагаан нарын хамт АНУ-ын Нью Жерсиг зорьжээ.

Тэд Батаарыг Монголоос олдсон гэдгийг баримтжуулах үүднээс зургийг нь авч, мэргэжлийн хүн бүх шинж тэмдгээр нь тодорхойлж тайлан бичих ёстой байсан аж.

Ингээд манай төлөөлөгчид тус хотод нэгэн буудалд буусан бөгөөд тус буудалд үлэг гүрвэлийн наймаачин Эрик Прокопи бууж тааран Б.Наранзун зургийг нь авснаар ийнхүү түүнийг хууль хяналтынхан илрүүлсэн гэдэг.

Тэрбээр энэ тухайгаа “Миний нойр солигдчихоод унтаж чадахгүй өглөө кофе уугаад буудлын үүдний хэсэгт утсаараа оролдоод сууж байв. Тэгсэн чинь урд нэг америк нөхөр утсаар яриад байна. Сонссон чинь бидний тухай яриад байна шүү. “Монголоос хэдэн нөхөд нөгөөдөхийг чинь шинжлэх гээд ирчихсэн байна” гээд шоолоод, доромжилсон маягаар яриад инээгээд байсан. “Энэ чинь юун нөхөр билээ, манай ажлын хэсэгт ороогүй л хүн байна даа” гээд утсаараа оролдож суунгаа зургийг нь авчихгүй юу. Хэл ус гадарладаг, хэрэгт дуртай маань хэрэг болсон. Тэгсэн чинь явж явж нөгөөдөх маань олдохгүй байсан Эрик Прокопи гэдэг нөхөр байж таарав.
Монголчууд ирсэн гэдэг мэдээлэл аваад тандах маягтайгаар иржээ” хэмээн ярьсан байна.

Сүүлд америкчууд “Хамгийн азгүй хүн Эрик Прокопи юм” гэж тодорхойлсон гэнэ. Учир нь нэгдүгээрт, Америкийн өчнөөн зочид буудал байхад заавал монголчуудын буусанд буугаад, Монголын Соёлын газрын даргын хажууд олон юм ярьж байж азгүйтсэн” гэж шоолжээ.
Дараагийн азгүйтэл нь яг нэгжлэг хийхээр гэрт нь очиход шуудангаар нь дараагийн худалдаж авсан яс нь ирж таараад час өдөр гээч нь л болсон гэнэ.

Б.Наранзун түүний зургийг нь авчраад тагнуулынханд өгсөн байна. Мөн Америкийн сониныхон бас тэр зургийг Б.Наранзунаас гуйж аван нийтэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ