Улсын байцаагч нарын ажлыг шалгаж зөрчил илрүүлжээ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын 2016 оны 01 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу харъяа сумдын “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл”-ийг 2016 оны гуравдугаар сард судалжээ.
Ингэхдээ 2015 онд тус суманд үйлдэгдсэн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн гаралт, түүний улмаас учирсан хохирол, дээрх хэрэгт холбогдсон этгээдүүд, тэдгээрийн нас хүйс, ял шийтгэл, шүүхээс өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт оногдуулж буй ялын бодлого, уг хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг хамруулан судалсан ба судалгааны дүнг үндэслэн Өвөрхангай аймгийн Засаг даргад танилцуулга хүргүүлж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг хамгийн ихээр үйлдэгдсэн 3 сумдад прокуррын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.
Мөн Бат-Өлзий сумын Байгаль орчны болон мал эмнэлгийн улсын байцаагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалын хууль зүйн үндэслэлийг 2015 он, 2016 оны эхний 2 сарын байдлаар шалгасан байна.
Шалгалтаар захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа нотлох баримтыг бүрэн цуглуулдаггүй, зөрчлийн тухай тэмдэглэлийг товч бичдэг,зөрчил нэг бүрийг шалгаж тогтоолгүй захиргааны шийтгэл ногдуулдаг,зөрчил гаргасан этгээдэд хуульд заасан эрхийг бүрэн эдлүүлдэггүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Шалгалтын дүнг прокуроруудын зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, шалгалтаар илэрсэн зөрчлийг дахин давтан гаргуулахгүй байх талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад прокурорын шаардлага хүргүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ