Харвони устгал хийж байна

Элэгний С вирусыг устгах ажлын ач холбогдол маш өндөр.

2007 оны байдлаар Монгол Улсын хүн амын 15 хувь нь элэгний С вирусын халдвар тээгч гэсэн судалгаа бий. Энэ нь манайд 450 мянган хүн С вирустэй байх магадлалтай гэсэн үг. Ийм вирустэй хүмүүст ойролцоогоор 20% нь (90,000 хүнд) элэгний хатуурал үүсдэг гэж үздэг. Элэгний хатуурлын эцсийн бөгөөд үндсэн эмчилгээ нь элэг шилжүүлэн суулгах юм. Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах хагалгааг 3 жилийн өмнөөс эх орондоо хийж эхэлсэн бөгөөд өнөөдрийн ханш нь 85 сая төгрөг. Энэ ханшаар дээрх 90 орчим мянган иргэн элгээ солиулна хэмээн тооцож үзвэл 7 их наяд 650 тэрбум төгрөг болох нь. Ийм мөнгө ард иргэдэд байна уу.

Харин АНУ-аас оруулж ирж буй эм нь С вирустэй хүмүүсийг эмчилж, улмаар элэг шилжүүлэх гэдэг үгийг мартахад хүргэх том тустай. Софосбувир/Ледипасвир (арилжааны нэршлээр Харвони) эмийн үнэ өнөөгийн ханшаар 2,4 сая төгрөг. Эмчилгээний явцад хийх хяналтын шинжилгээ ойролцоогоор 600 мянган төгрөг гэж тооцвол нэг хүний вирусын оношилгоо эмчилгээний зардал нийлээд 3 сая төгрөг болж байгаа юм. Энэ тоог элэгний С вирустэй нийт хүнийхээ тоонд үржүүлвэл 1 их наяд 350 тэрбум төгрөг болно. Энгийн тооцоо хийж байгаа юм шүү. Тэгэхлээр энэ аюултай вирусыг бүрэн эмчилснээр бид ирээдүйд 6 их наяд 300 тэрбум төгрөгийг Монголын ард иргэдийн хуримтлалаас эсвэл улсын төсвөөс хэмнэнэ. Уг хэмнэлтэд элэг шилжүүлэн суулгах хүртэл гарах эмчилгээ оношилгооны зардал ороогүй. Энэ хэмжээний мөнгийг хэмнэснээр бусад салбарт (боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц) хэрэглэх үүд хаалга нээгдэнэ. Өнөөдөр олон монгол хүн элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж, амьд үлдэхийн тулд гадны орныг зорьж, өрхийнхээ бүх хуримтлалыг эмчилгээнд зарцуулж байна. Олон айл өрх элэгний эмчилгээний улмаас үгээгүй ядуучуудын эгнээнд шилжсээр байна.

Өнөөдөр жилдээ 1200-гаад хүн элэгний хатуурлын улмаас нас барж байгаа. Элэгний хатуурлын 62.5 хувь нь С вирусын гаралтай гэсэн судалгаа байдаг. Вирусыг устгаснаар бид жилдээ 750 хүний амь, 20 жилийн хугацаанд 15 мянган хүний алтан амийг аврах боломжтой. Мөн жилд 1400 хүн элэгний хорт хавдрын улмаас нас бардаг бол тэдгээрээс багадаа 40 хувь нь С вирусын гаралтай гэж үздэг. Энэ нь 20 жилд 11,000 хүнийг элэгний хорт хавдраар нас барахаас сэргийлэх юм. Тэгвэл вирусыг эмчилснээр ирэх 20 жилд 26 мянган хүний алтан амийг аварч чадна.

Тус эмний ач тус хязгааргүй. Өвчний шаналал, сэтгэл санааны зовнил, амьдралын чанар сайжирж, иргэдийн нас уртсах зэрэг тал дээр гарах ахицыг хэмжээд баршгүй.

С вирусыг устгахад гарах зардлыг бид таван жилийн өмнө хийж байв. Тэр үед стандарт эмчилгээ нь Пег-Интерферон+Рибавирин байсан бөгөөд нэг жилийн курс эмчилгээний зардал нь 28,8 сая төгрөг байсан билээ. Тухайн үед нийгмийн баян давхарга л энэ эмчилгээнд хамрагдах боломжтой байлаа. Эмчилгээ нь асар их гаж нөлөөтэй, эмчилгээгээ дуусгалгүй зогсоох тохиолдол олонтаа гарна. Зарим өвчтөн эмчилгээгээ дийлэхгүй хэвтэрт орох тохиолдол ч гарч байв. Үндэсний хэмжээнд энэ вирусыг эмчлэхэд 12 их наяд 960 тэрбум төгрөг шаардлагатай байсан юм.

Харин шинэ эм Монголд орж ирснээр эмчилгээний зардал 10 дахин буурч, эмчилгээний хугацаа 4 дахин богиносож, эмчилгээний үр дүн 60-30 % иар нэмэгдэж, эмчилгээний гаж нөлөө эрс багассан юм.

Ж.Амарсанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ