Түрээсийн орон сууцыг хувьчлах боломжгүй

Насаараа байргүй амьдарч ирсэн ахмадууд болон байрны урьдчилгаа төлөх боломжгүй хүмүүс түрээсийн орон сууцандаа, арай дөнгүүр санхүүтэй нь ипотекийн зээлийн байрандаа амьдрахаар боллоо.

Судалгаагаар зөвхөн Улаанбаатарт гэхэд жилд 28 мянган өрх түрээсийн орон сууцанд амьдарч байна. Тэгвэл өнөөдрөөс нийслэлд болон зарим орон нутагт хэрэгжиж эхэлж байгаа "Түрээсийн орон сууц" хөтөлбөр дээрх иргэдэд зориулагдаж байгаа юм. Ийм хөтөлбөр аль ч улсад байдаг.

Эхний ээлжинд 920 айлын орон сууцыг түрээслүүлэх ба үүний 350 нь Улаанбаатар хотын “Буянт-Ухаа 2” хорооллоос түрээслүүлнэ. Үлдсэнийг нь аймгуудад барьж байгаа “1000 айлын орон сууц” хөтөлбөрийн ашиглалтад орсонбайрнаас түрээслүүлнэ.Тухайлбал, Увс аймгийн Улаангом, Ховд аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэбулган, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд энэ сарын 21-25-ны хооронд тухайн орон нутаг дахь ТОСК бүртгэлийг хийх юм.

Эхний хоёр өдрийн хувьд түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй ахмадуудыг бүртгэж байна. Өчигдөр өглөөнөөс эхлэн иргэд ТОСК-ийн үүдэнд дугаарлаж, зарим нь шөнө машиндаа сахиж хоножээ. ТОСК-ийн ажилчид иргэдийг дарааллын дагуу 10, 10-аар нь оруулж, бүртгэж эхэлсэн хэдий ч бүртгүүлэхээр орсон ахмадуудын ихэнх нь бичиг баримтаа дутуу бүрдүүлж, эргэж буцаж арын иргэддээ хүлээлт үүсгэх тохиолдол их байгаа тул иргэд энэ тал дээр нэлээд анхаарах хэрэгтэй байгаа юм.

Уг хөтөлбөрийн талаар олон нийтийн дунд нэгэн ташаа мэдээлэл яваад байгаа юм. Өөрөөр хэлбэл, түрээсийн орон сууцыг таван жилээр түрээслээд энэ хугацаанд хуримтлал үүсгэж чадвал тухайн байраа шууд ипотекийн зээлд шилжүүлэн авч болно гэсэн яриа гараад байгаа. Тэгвэл албаны эх сурвалжийн хэлж буйгаар ийм шийдвэр огт гараагүй байгаа гэсэн юм. Тиймээс энэ төөрөгдөлд итгэсэн хүмүүс хөтөлбөрт хамрагдах иргэдийн дараалалд тодорхой хэмжээгээр ачаалал үүсгэж байж болох талтай. Ямартай ч байр хувьчлагдахгүй гэсэн товчхон мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. Зөвхөн түрээсээ төлөөд тохь тухтай амьдрах хүсэлтэй зорилтот бүлгийн иргэд энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой. Тухайн өрхийн сарын орлогын 25 хувь нь түрээсийн орон сууцны төлбөртөө хүрч л байвал энэ хөтөлбөрт хамрагдаж болно.

Одоогоор 50 ам.метр талбай бүхий хоёр өрөө байрыг сарын 280 мянган төгрөгөөр түрээслүүлэх боломжтой гэж тооцож байгаа. Энэ бол зах зээлийн ханш гэхээсээ илүүтэй, байр түрээсэлж амьдардаг иргэдийнхээ эдийн засгийн чадавхи, бодит байдалд тохирсон төлбөр гэж тооцжээ.

Иргэдийн хувьд хугацаандаа бүртгүүлж амжаагүй, шаардлага хангаагүй материал өгсөн зэрэг шалтгаанаар буцаагдсан тохиолдолд энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-ний дотор дахин бүртгүүлэх боломжтой. Түрээсийн орон сууцанд орох иргэдийг зорилтот долоон бүлэгт хуваасан бөгөөд бүлэг тус бүрт 5-30 хувийн квот олгожээ.

1/Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настанд 15 хувь

2/Залуу гэр бүл буюу 2016 нэгдүгээр сарын 1-ээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөрт 20 хувь

3/Хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 30 хувь

4/Төрийн албан хаагчид 15 хувь

5/Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрхөд 5 хувь

6/0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд 10 хувь

7/Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг халамжилдаг гэр бүлд 5 хувийн квот олголоо.

Хэрвээ бүртгүүлсэн иргэдийн тоо квотоос давсан тохиолдолд сугалаа явуулах замаар шийдвэрлэнэ.

Хөтөлбөрт хамрагдах иргэд болзошгүй эрсдэлийг тооцож гурван сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцааг гэрээлэгч талд төлнө. Энэ нь 420-840 мянган төгрөг болж байгаа. Харин түрээсийн нэг сарын төлбрө 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар Засгийн газраас тогтсон.

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдэд тавих ерөнхий шалгуур:

  • Эрхзүйн бүрэн чадамжтай, 21 насанд хүрсэн байх,
  • Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг
  • Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой байх
  • Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй байх

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүрдүүлэх материал:

  • Иргэний цахим үнэмлэхний хуулбар
  • Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/
  • Өргөдөл хүссэн маягт
  • Сарын орлого тодорхойлох бичиг баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогыг нотлох баримт/-ын хуулбар
  • Өөрийн эзэмшлийн орон сууцгүй болохыг тодорхойлсон эрх бүхий байгууллагын лавлагаа

Эхний ээлжийн иргэд ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс байрандаа орж эхэлнэ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ