Байгалаа хайрлах сэтгэл үзэсгэлэнгийн танхимд

Зураач С.Болдбаатар нь мэргэжлийн уран бүтээлч, Монголын урчуудын эвлэлийн орчин үеийн “Цэнхэр нар” төв, Blue Moon арт галерей гишүүн, Дүрслэх урлаг, зураг судлалын төвийн захирал юм.

Түүний уран бүтээлүүд нь гадаад дотоодын музей, галерей, уран зураг цуглуулагч, сонирхогчдын сан хөмрөгт оржээ.

Тэрбээр Герман, Франц, Бельги, Канад, Орос, Япон, Швед, Польш, Өмнөд Солонгос, Дани, Тайвань, Турк зэрэг оронд өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан бөгөөд саяхан “Blue Moon арт” галерейд шилдэг бүтээлээ дэлгэжээ. Түүнтэй манай сурвалжлагч уулзжээ.

-Та үзэсгэлэнгээ манай уншигчдад товч тайлбарлаж өгөөч?

-За, үзэсгэлэнд 40-өөд уран зураг, модны үндсээр хийсэндолоо, найман модон барьмал нийтдээ 50 шахам бүтээл тавигдсан. “Гэрэлт замбуулин” нэртэйгээр өөрийн уран бүтээлээ дэлгэн тавьж байна. Ихэнх нь энэ жилийн шинэ бүтээлүүд, ганц хоёр нь таван жил зурж байж бэлэн болсон үзмэр юм.

-Яагаад “Гэрэлт замбуулин” гэж нэрлэх болов?

-Байгаль дэлхийд хайртай зураачийн дотоод сэтгэлгээгээр хийсэн бүтээлүүд учраас тэгж нэрлэсэн гэхэд болно. Хамгийн гол нь уран бүтээлч хүн юу хийж байгаагаа бололцоотой бол богино хугацаанд хүмүүст дэлгэн үзүүлж байх ёстой. Бүрдэхгүй бол удаан хугацаанд үзүүлж болно. Гэхдээ богино хугацаанд туурвиж, мэргэжил нэгт нөхдүүд, судлаачид, сонирхогчид үзээд санал бодлоо илэрхийлэх нь чухал юм. Сонирхсон хүмүүс таны зураг таалагдаж байна худалдаж авъяа гэдэг л дээ.

-Та бүтээлээ хэдэн төгрөгөөр үнэлсэн вэ?

-“Гэрэлт замбуулин” бүтээлээ 18 сая, зарим нь нэг, хоёр сая, жижиг зурагаа долоогоос найман зуун мянган төгрөгөөр үнэлсэн дээ. Худалдаж авсан зургаа шууд аваад явж болно. Үүзэсгэлэн дуусахаар авч ч болох юм.

-Монголын уран зургийн хөгжлийг тодорхойлвол...?

-Манай уран зургийн хөгжил нилээн өндөр түвшинд яваа. Хуучин социализмын үед реалист чиглэл баримталдаг байсан бол одоо залуучууд маш их чөлөөтэй сэтгэдэг, сайхан сайхан уран бүтээл хийдэг болжээ. Тэгэхдээ яахав зах зээлийн хувьд, гадагшаа томхон арга хэмжээнд оролцоход янз бүрийн бэрхшээл тохиолддог л юм. Одооноос арай нээлттэй болж, олон улсын уралдаан, тэмцээнээс овоохон шагнал авчихдаг болсон нь сайшаалтай. Уран зураг хөгжиж байна аа, хөгжиж байна.

-Хөгжиж буй ч дутагдалтай тал байгаа байх. Тэр талаар та юу хэлэх вэ?

-Мэдээж байлгүй яахав. Менежмэнт, сурталчилгаа, судалгааны ажил их байна даа. Залуус гоё юм хийх гэсэн хэрнээ, хаана явж байгаагаа мэдэхгүй, будилж буй нь харагддаг. Ямагт шулуун дардан замаар явахгүй ч, замаа багцаалдаж байх хэрэгтэй.

-Урлаг сонирхдог бүхэнд дуу, шүлэг сонсож, уран зураг үзэж, оюуныхаа мэлмийг нээж байгаарай гэж хэлье. Ер нь урлаг гэдэг бол Монгол Улсын хөгжлийг харуулах гол түлхүүр шүү гэж хэлье дээ.

П.Нандинчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ