Үнэгүй олгосон өвсийг мөнгөөр худалдаалж байсныг илрүүллээ

Жил бүрийн өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах үүргийг Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссоос хүлээдэг. Энэ чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулсаар ирсэн. Энэ 2015-2016 оны өвөлжилтийн хувьд удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр хамгийн түрүүнд арга хэмжээ авсан билээ.
Тухайлбал, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар 2015 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийсэн юм. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх зорилго бүхий Улсын онцгой комиссын шуурхай бүлгийг томиллоо. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2015 оны №08 тоот тушаалаар томилогдсон шуурхай бүлгүүд 12 дугаар сарын 16-30-ны өдрүүдэд 21 аймагт ажилласан юм.
Гамшгийн эрсдлийн үнэлгээгээр 18 аймгийн 98 сум цагаан зудтай, 20 аймгийн 111 сум цагаан зудархуу байгааг тогтоов.
Иймд Улсын онцгой комиссын болон ажлын хэсгийн хурлыг гурван удаа хуралдууллаа. Эндээс шаардлагатай хөрөнгийн асуудлыг Засгийн газрын дөрвөн удаагийн хуралдаанаар хэлэлцүүлснээр нийт 7,3 тэрбум төгрөгийг шийдвэрлэснээ өвөлжилт хүндэрсэн аймгуудад олгосон юм. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын холбогдох тогтоолуудын хэрэгжилт 70 хувийн биелэлттэй байна.
2016 оны гуравдугаар сарын 2-5-ны өдрүүдэд байгалийн гэнэтийн аюулт үзэгдэл болох хүчтэй цасан шуурга болов. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улсын онцгой комиссын Ажлын хэсгийг яаралтай хуралдууллаа. Шуурхай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлсэний үр дүнд аймаг, нийслэлийн хэмжээнд 600 гаруй хүний амь насыг онцгой байдлын албан хаагчид авран хамгаалжээ.
Үүний дараа авах арга хэмжээ бол гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад зарцуулах хөрөнгийн асуудал юм. Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Засгийн газраас гаргасан 2015 оны 480, 481, 2016 оны 55, 67 дугаар тогтоол гарсан юм. Тогтоолуудын дагуу өвөлжилт, хаваржилт хүндэрсэн зарим аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл, автомашин олгох болон бусад зардалд нийт 7,744,766,000 төгрөгийг хуваарилан олгов. Тодруулбал, улсын нөөцөд 2011-2015 онд бүрдүүлсэн 10,997 тн өвсийг үнэгүй, 7367 тн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан малчдад олгосон юм. (1,8 тэрбум төгрөгөөс 41,0 сая төгрөгийн үлдэгдэлтэй)Мөн төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс улсын нөөцөөс нийт 35 автомашин, 1,8 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр 17 аймгийн Онцгой комисст олгов. (Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайдын 2016 оны 15;49 дүгээр тушаалаар аймгуудад хуваарилсан мөнгөн хөрөнгийн 80 хувийг нь олгосон)Засгийн газрын тогтоол болон Улсын онцгой комиссын хурлын шийдвэрийн биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд зарим аймагт Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлээгүй, тогтоолын заалтыг зөрчсөн үйлдлүүд гараад байгаа. Тодруулбал, 2016 оны нэгдүгээр сард Өмнөговь аймгийн зарим суманд нэг боодол өвсийг 3000 төгрөгөөр малчдад борлуулж байсныг таслан зогсоож, мөнгийг нь буцаан олгуулав. 2015 оны хоёрдугаар сард Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын ЗДТГ болон Засгийн газрын 2015 оны 480 дугаар тогтоолоор үнэгүй өгсөн өвсийг малчдад олгохдоо тээврийн зардал нэмж, нэг боодол өвсийг 2000 төгрөгөөр худалдан борлуулсан зөрчил гарлаа. 2016 оны гуравдугаар сард Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр, Цагаан-Үүр суманд Засгийн газрын 2015 оны 480, 2016 оны 67 дугаар тогтоолоор үнэгүй олгосон өвсийг малчдад мөн олгохдоо тээврийн зардал нэмэн нэг боодол өвсийг 1000-1500 төгрөгөөр худалдаалсныг ч бас илрүүллээ. Иймд Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу холбогдох албан тушаалтнууд мэдээллүүдийг нягтлаж, газар дээр нь очиж ажиллан малчдаас авсан мөнгийг нь буцаан олгуулж эхэлсэн юм.
Холбогдох Засаг даргын тамгын газрууд мөнгөгүйн улмаас тээврийн зардлаа олохын тулд үнэ нэмж зарсан гэх уг хэргийг Цагдаагийн газраас шалган малчдад мөнгийг нь буцаан өгөх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Дээрх хэрэгтэй холбогдуулан Хөвсгөл аймгийн Засаг дарга захирамж гарган, сумдын Засаг дарга нарт Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Г.Ган

СЭТГЭГДЭЛ БИЧИХ