Хүүгийн аминд хүрсэн нохойны эзнийг цагдан хорино
Дөрвөн настай хүү нохойнд хүүлүүлсний улмаас шархаа даалгүй амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ.
Талийгаач хүү гэрээсээ “бие засаад ирье” гараад хэдхэн хашааны цаана байх эмээгийнх рүүгээ гүйхдээ хажуу айлынхаа хашааны нохойд ноцуулж уруулжээ. Тодруулбал, энэ сарын 16-нд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баруун салааны Салхитын ам гэх газарт хэрэг болжээ.
Харин нохойгоо дэл сул тавьсан гэрийн эзэнд Э-д цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа юм. Хүүгийн буяны ажил дууссаны дараа түүнийг цагдан хорих арга хэмжээ авах ажээ. Учир нь гэрийн эзнийг хүүгийн буяны ажилд тусал гэж цагдаагийн байгууллагаас хэлжээ.
Тэрбээр “Манайд ач, зээ болон бага насны хүүхдүүд ирээд хашаанд тоглож нааддаг байсан. Гэвч ингээд айлын хүүхэд барьчихна гэж санасангүй. Ар гэрийнхэнд нь туслаад байна. Хэрэг болсон тухай өдөр хөдөө явж байсан учир утсаар сонссон. Цагдаагийн байгууллагаас надаас мэдүүлэг авсан. Одоогоор “Хүүгийн буяны ажлыг гүйцэлдүүлэхэд тусал” гэсэн. Маргаашаас хорих байх. Хуулиараа нохой нь хүн барьж, тухайн хүн амиа алдсан бол таван хүртэлх жилийн ял өгдөг гэсэн” гэжээ. Хүүг барьсан нохойны хувьд Дундад ази үйлдрийн зодоонч нохой байсан бөгөөд тэр өдөр хөдөө явахдаа гинжнээс нь тайлаад орхижээ.
О.Сайхан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ