Захирал хүн

Өнгөрсөн зун шүршүүр эвдэрчихлээ. Утсаар залгаж дуудлага өглөө. Зөөлөн дуутай эмэгтэй хүн утас авч дуудлагын маань хүлээн авлаа. Удалгүй бүдүүн том биетэй Канад эр орж ирээд үг дуугүй хурдан гэгч нь засаад нэг юм солих шиг боллоо. Нээгээд үзтэл бүх зүйл ОК. Гарахдаа "уучлаарай манай байрнууд удаж байгаа юм аа, арваад жил болж байна" гээд гараад явчихлаа.Дуудлага хүлээн аван утас авсан хүн бол "босс"-ын эхнэр, харин сантехникээ зассан хүн эдгээр 40 байшинг барисан компанийн захирал гэдгийг 30 минутын дараа би мэдлээ. Энэ цагаас хойш энэ хүмүүсийн үйлдэл, хийж байгаа ажил бүхэн надад гоё санагддаг боллоо.. Үүдний хивсэнцэрийг өдөр бүр хүү, охин хоёр зүлгэж угаана. Хэний хүүхдүүд гэдгийг уншигч та мэдэж байгаа болохоор би бичихгүй.
Зунжин би, ногооны тансаг үнэр дундуур туучиж,горхины чимээнд уярч хөршийн жаалуудыг сониучирхан ажиглан өнгөрөөлөө.
Нөгөө 40 байшин чинь ердөө гуравхан давхар юм болохоор энэ хотод нар халхлах ази загварын нүсэр том шилэн барилгууд сүндэрлэхгүй байгаа нь шаазан улсад сургууль төгсөөд ирсэн надад маш таатай ёстой л нөгөө "уул үүл нь нийлэн харагдаад" гээд монголдуунд гардаг шиг сайхан санагдаж билээ. Зулай дээрээс юу юугүй дараад ороод ирэх гэж байгаа юм шиг цэлийсэн цэхнэр тэнгэр, хонин цагаан үүлсийгби яалтай билээ. Төрсөн өдрөөр минь хүргэн дүүгийн бэлэглэсэн утас гарын үзүүрт баригдахаар нь бушуухан шиг л өөрийгөө биш үүлтэй тэнгэрийг буулгалаа.Түүнийгээ хурдхан шиг л нөхөддөө үзүүлэн тэнгэр багандсан өндөр байшингүй болохоор тэр үү? Тэнгэр хүртэл дээр минь биш дэргэд минь юм шиг санагдлаа гээд оруучихлаа. Доод ангид маань байсан нэг охин ихэд бухимдаж билээ. Манай Монголд ч ийм тэнгэр байдаг гээд л…. Нэг л тэнгэр доор, нэг л наран дор, нэг л саран доор амьдарч байгаа хүн төрөлхтөн бид юутай азтай юм бэ. Тэр дундаас канад захирал энэ хүн юутай ажилсаг хөдөлмөрч хүн бэ?
Зун нь зүлгээ тэгшлээд ногооны гоё үнэр гаргаад түчигнээд байдаг захирал, намар нь навч шүүрдээд шаржигнyулаад байдаг захирал, өвөл нь цасаа хусаад шархируулаад байдаг захирал. Одоо хавар яах юм бол доо. Ойлгомжтой, ажилсаг захирал цэцэг үрслүүлнэ, суулгана, тарина... СӨХ гэж байдаггүй сонин газар юм. Барилгын компанийн босс дөчин байртай хүн гээд Австралид очоод өвөлжөөд байвал ард нь үлдсэн бид яана вэ? Захирал хүн гэж…
Нэгэнт захиралыг онцолсон хойно түүнтэй ярилцсанаа доор буулгая.
-Ноён Жефф та ийм олон байшингуудаа бүгдийн ганцаараа л арчилж тордож байгаа харагдах юм. Та ядардаг уу?
-Үгүй дээ охин минь би ядардаггүй би гэр бүлээрээ энэ ажлыг хийдэгшүү дээ. Чи хараагүй юу ?
-Харалгүй дээ би өдөр бүр та нарыг цонхоороо хардаг ш дээ. Та харин намайг хараагүй юу хэхэ. Би нээрээ таньд өгсөн оймс таалагдсан уу? Манай Монголынх юм байгаа. Та ер нь Монголыг мэдэх үү? Та намайг Хятад гэж бодсон уу?
-Өө тэр сайхан оймс байна лээ манай муж шиг цас их унадаг далайгаар хүрээлэгдсэн сэрүүн газар их зүгээр эд байна лээ хэхэ…. Би Монголыг мэднээ Чингэсийг мэднэ шүү. Гэхдээ судлаж байгаагүй ч сайн танина аа . Чи Хятад биш гэж үү?
-Та баян хүн үү? Maнай Монголд бол тань шиг хүн бол дажгүй шүү. Ийм их үл хөдлөх хөрөнгөтэй…..?
-Мөнгөө тооцох завгүй л байна даа. Гэхдээ хонгор минь Канадад бол үл хөдлөх хөрөнгөтэй хүн түүнийгээ зарсны дараа л өөрийгөө мөнгөтэй гэдгээ мэддэг юм ш дээ. Тэр болтолмөнгө бодоод суух зав гэж хаана байх вэ?
-Та бүхий л зүйлээ өөрөө хийх юм аа би таньтай ярилцах энэ үе хүртэл, та бүхнийг би бараг 8 сар ажиглалаа шүү дээ….
-Би дуртай даа энэ бүгдийг хийгээгүй дээ. Манай муж бол хүн ам цөөнтэй ажиллах хүчин хүрэлцээгүй муж юм шүү дээ. Хүн бүр өөр өөрийн ажлаа хийгээд явдаг, илүүг бодох бололцоо ч байдаггүй шүү дээ.
Ингээдтүүний гар утас дуугарсанаар бизнесмэн Жефф ахтай ярилцах хугацаа дууссан юм даа.
Б.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ