МУ-ын баатар Ж.Гүррагчаа дэлхийг 124 удаа тойрсон хүн

Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь Монгол улсаас сансарт ниссэн анхны, дэлхийн 101 дэх хүн болсон бол Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болсон байна.

Ж.Гүррагчаа 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцаад, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. 1978 оноос тэрээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх Сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед тэрээр ардын армийн ахмад цолтой байв.

1981 оны гуравдугаар сарын 22-нд буюу өнөөдрөөс 35 жилийн өмнө Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибековын хамт "Союз-39" хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсны дараа эх дэлхийдээ гуравдугаар сарын 30-нд амжилттай газардсан юм. Сансрын нисэгчдийг угтаж авах үйл ажиллагаанд зориулж тухайн үед дууны уралдаан зарлажээ. Тус уралдаанд Монголын радиогийн Хөгжмийн редакцийн редактор байсан хөгжим судлаач Р.Энхбазарын зохиосон “Угтагчийн дуу” шалгарсан байна. Ингээд “Улаан бүч” чуулга дуулсан бөгөөд сансрын нисгэгчийг угтах тэр баярт өдөр "Сансрын нисгэгч ах аа, Сайн яваад ирэв үү?" гэж эхэлдэг энэ дуу эгшиглэж байсан түүхтэй.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ