"Зүүн хүрээ" хотхоны оршин суугчдын амь насанд аюул нүүрлээд байна

Зүүн хүрээ хотхоны оршин суугчдад асуудал тулгарч, хэнд хандахаа мэдэхгүй, бухимдалтай байна. Учир нь тус байрны усны цоргоор маш их хэмжээний зэв, тостой ус гардаг болоод сар гаруй хугацаа өнгөрчээ. Ийм усыг унданд бүү хэл угаалганд ч ашиглах боломжгүй байна гэдгийг оршин суугчид хэлж байна. Мөн тэдний хэлж буйгаар уснаас дээж авсан гэнэ. Гэсэн ч ямар ч асуудал шийдэгдэхгүй байгаад иргэд бухимдалтай байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд усны хэрэглээний төлбөрийг ч бүтнээр нь авчээ.
Зүүн дөрвөн замын хаяанд сүндэрлэн боссон уг хотхон "Таван өндөр" ХХК-ийн эзэмшлийнх бөгөөд дээрх асуудлын гол нь тус байрнуудын шугам сүлжээ нь төвийн шугам сүлжээнд холбогдоогүйд байгаа юм байна. Зурагт үзүүлсэн усны өнгө тунгалаг байгаа нь энэ аж. Ялангуяа амралтын өдрөөр өтгөн кофе шиг ус гоождог байна.


Иргэд энэ мэтээр харилцан мэдээлэл солилцож, хаашаа ч хандахаа мэдэхээ байлаа гэх сэтгэгдлээ хуваалцахаас өөр гарцгүй сууж байна. Энэ асуудлыг холбогдох байгууллага анхааралдаа авч хариуцсан ААН, байгуулагуудад нь шаардлага хүргүүлж яаралтай арга хэмжээ авахгүй бол өндөр үнээр худалдаж аваад хоёр жил ч амьдраагүй тэр олон иргэд, хөгшид, хүүхдийн амь насанд аюул нүүрлээд байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ