ХАБЭА-н аяныг дөрөвдүгээр сард зохион байгуулна

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны ээлжит хурал болж “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы төлөвлөгөө, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах бүртгэлийн гэрчилгээний хугацаа сунгуулах болон шинээр гэрчилгээ олгох байгууллагуудын тухай зэрэг асуудлыг хэлэлцэж, Монгол Улс дахь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдлын үнэлгээний явцын тухай мэдээллийг сонслоо.
Үндэсний хороог Хөдөлмөрйин яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт ахалдаг бөгөөд бүрэлдэхүүнд нь нийгмийн түншлэгч талуудын төлөөлөл багтдаг юм. Уг хороо ээжлит хурлаараа жил бүрийн дөрөвдүгээр сард орон даяар зохион байгуулдаг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны төлөвлөгөөг нэг бүрчлэн хэлэлцлээ. Аяныг энэ жил “Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулъя”уриан дор хийх юм байна. Сарын аяны хүрээнд төлөвлөсөн ажилд түншлэгч талууд, холбогдох байгууллагуудын оролцоог хангаж, үр дүнтэй ажил зохион байгуулах талаар гишүүдээс олон санал гаргасан бөгөөд нээлтийн арга хэмжээг Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв хариуцаж,ажил олгогч эзэд, ҮЭ-ийн байгууллага, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс зэрэг олон газрыг оролцуулж,шинэлэг хэлбэрээр хийх нь зүйтэйг анхааруулав.
Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дарга Т.Эрдэнэ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан ”Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, шийдвэрлэх, Эрчим хүч, уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Д.Ганболд мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан тахир дутуугийн тэтгэвэрт байгаа иргэдийн сувиллын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудыг анхаарах зэрэг асуудлаар тодорхой санал гаргасныг гишүүддэмжлээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах хүсэлт ирүүлсэн болон бүртгэлийн гэрчилгээний хугацааг сунгахталаар Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвөөс асуудал танилцуулж, нэг байгууллагад шинээр гэрчилгээ олгох, гурван байгууллагын гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргав. Энэ асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулан Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/33 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу ХАБЭА-н сургалт зохион байгуулах, шалгалт авах байгууллагуудын асуудлыг шийдвэрлэж, сургалтын байгууллагуудын мэдээллийг шуурхай нэгтгэн дүгнэж байх, үйл ажиллагаанд нь чиглэл өгч, хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Хөдөлмөрийн яамны захиалгаар Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийнЭрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр“Монгол Улс дахь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдлын үнэлгээ 2005-2015”-г хийж буй юм. Энэ судалгааны ажлын явцын тухай мэдээллийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй судлаач Ц.Батнасан танилцуулсан бөгөөд сүүлийн арван жилд төрөөс ХАБЭА-н чиглэлээр баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх талаар хийж гүйцэтгэсэн ажлыг нэгтгэн дүгнэх, үнэлгээ өгөх талаар олон чухал мэдээллийг агуулсан үр дүнтэй ажил болж буйг Үндэсний хорооны гишүүд үнэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ