Г.Маралмаагийн хүүхдийг нагац эгч нь цаашид асрах боломжгүй гэжээ

Дөрвөн настай дагавар хүүхдээ хэрцгийгээр зодож аминд нь хүрсэн хэргээр Г.Маралмаа гэх бүсгүй хоригдоод багагүй хугацаа өнгөрч буй. Тэрбээр, хамтран амьдрагч Т.Цогтынхоо төрсөн охиныг харж ханддаг байсан ч ээжийн чинь муу муухай чамд шингэчихэж гэх мэтээр зодож нүдэж, улмаар тархинд нь хүнд гэмтэл учруулсны улмаас амиа алдсан билээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Т.Цогт, Г.Маралмаа нарт тус бүрт нь 24 жилийн ял ногдуулсан. Улмаар Г. Маралмаа хорих ангид ял эдэлж байхдаа 2015 оны сүүлээр хүүхдээ төрүүлсэн. Ээж хүү хоёрыг одоогоор тус тусад нь байлгаж байгаа бөгөөд хүмүүжигч Г.Маралмаагийн хүүхэд түүний нагац эгчийнх нь асрамжид амьдарч байгаа юм байна. Нагац эгч нь өөрөө өрх толгойлсон, амьдралын боломж тааруу учраас хүүхдийг эхтэй нь хамт байлгах хүсэлтийг Хүний эрхийн үндэсний комист гаргасан байна.

Энэ талаар тус байгууллагын албан тушаалтан “Хүн амины хэргээр шалгагдаж байгаа Г.Маралмаа гэдэг эмэгтэй цагдан хоригдож байхдаа хүүхдээ төрүүлсэн. Шүүхээс ял авсан боловч Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар одоо цагдан хорих ангид хоригдож байна.

Өөрөөр хэлбэл энэ хүн өнөөдөр ялтан биш яллагдагч юм. Энэ эмэгтэйн хүүхдийг нагац эгч нь асран хамгаалж байгаа.Хүүхдийн асран хамгаалагчаас манайд гомдол ирсэн. Г.Маралмаагийн хүүхэд тавансартай, нагац эгчийнх нь гэр бүлийн байдал хүнд байна. Эгч ньөөрөө хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, ажилгүй учраас амьдралын нөхцөл хүнд ийм айл юм билээ. Тиймээс Г. Маралмааг хүүхэдтэй нь ойр байлгах болон түүний хүүхдийн асран хамгаалагчийн асуудлыг мөн тавьсан” хэмээн ярьжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ