О.Баасанхүү мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Тэрээр мэдээллийн эхэнд хэлэхдээ,“Монгол Улсын Ерөнхий сайдыг мэтгэлцээнд дуудсан. Мэтгэлцээн өнөөдөр 19 цагаас ТV-5 телевизээр цацагдах байсан юм. Гэвч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар ч хариу өгөхгүй байна. Тиймээс мэтгэлцээнийхээ хугацааг дахин 1 сараар сунгаж 4 дүгээр сарын 23-нд мэтгэлцэх болно” гэлээ.

Мөн32 хуулийн төсөл санаачлан Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн ч бүх хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн хариу өгч байна. Тиймээс ямар шалтгаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй гэж байгаагаа тайлбарлах хэрэгтэй гэв.

Түүнчлэн УИХ дахь МАХН-МҮАН-ын“Шударга ёс” эвслийн бүлэгт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

-“Шударга ёс” эвслийн бүлгээс та гарвал Засгийн газрын үйл ажиллагаанд нөлөөлөх үү?

-Нөлөөлнө. Засгийн газар шууд огцорно. Өөрөөр хэлбэл, миний бүлгээсээ гарах шийдвэр нь эвслийн бүлгийг задлаад зогсохгүй Засгийн газрыг огцруулах хэмжээнд очих эрсдэл байгаа учраас би бодож байна.

-УИХ-ын дэд даргад таны нэрийг дэвшүүлнэ гэх мэдээлэл цацагдах боллоо. Та хүлээн авах уу?

-О.Баасанхүү гишүүнийг УИХ-ын дэд дарга болгоно гэдэг “бор шувуу”. Намайг болгоно гэдэг саналыг намаас хэн ч гаргаагүй, би болъё гэдэг санал ч тавиагүй. УИХ-ын дэд дарга болох ч үгүй. Ямар нэг албан тушаалд очих бол юу хийх юм, юу бүтээх юм гэдэг тодорхой байх ёстой. Өөрөөр хэлбэл, тэр албан тушаалд очвол юм хийх хүн л очих хэрэгтэй. Надад УИХ-ын дэд дарга болоод юу хийх нь ойлгомжгүй байна. Тэгээд ч миний хувьд дэд дарга болно гэдэг хууртаад, хөөрцөглөөд явах нас ч биш, цаг ч биш.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ