Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг "хэмлэж" эхэллээ

Зун цаг айсуй... Гэтэл хотын иргэд зугаалах, хосууд болзох, хөгшчүүл амрах, хүүхдүүд тоглож наадах газар улам бүр хомсдоод байна. Нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг цөөн хэдэн газрын нэг нь Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн. Иргэдийн амарч зугаалдаг, Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгаа шинжилгээгээ хийдэг уг цэцэрлэгт хүрээлэнд сургууль, эмнэлэг барихаар 10 орчим га газрыг тэмдэглэн авч, барилгын ажлын хөрс хуулж эхэлжээ.

Барилгын ажил эхэлж,талбай чөлөөлөхөөр мод, бутыг нь сугалж байна

Ногоон байгууламжаар тун ч хомсхон манай нийслэлийн цөөн хэдхэн цэцэрлэгт хүрээлэнгийн нэг болох энэ газарт тарьж ургуулсан мод, бут сөөгийг хайр найргүй хугалж, газрыг нь ухаж байна.Хуучин төмөр хашааны дотор цагаан гөлмөн төмрөөр хашаа татжээ. Ордог хаалганы үүдэнд тав зургаан портер машины тэвшинд элс, хайрга, цемент, хүрз зэргийг ачжээ. Шинээр татаж буй хашааны дотор буюу мод бут тарьсан цэцэрлэгийн хэсэгт дөрвөн төмөр контейнер байрлуулж, хоол унд, бас бус жижиг багажаа хийжээ. Жийп хөлөглөсөн даамал бололтой хүмүүс ажил хийж буй хүмүүсийг эргэж, хурдан хий хэмээн шаардах аж. Барилгын ажил ид өрнөж, суурь цутгах талбайгаа чөлөөлөх нэрээр тэндхийн моднуудыг хугалахыг нь хугалж, сугалахыг нь сугалж байна.

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалгаар орж цэцэрлэгийн талбайтай танилцах хүсэлтэй байгаагаа хэлсэн боловч харуул нь бололтой нэг залуу “Гадны хүн оруулахгүй байгаа. Энд барилгын ажил явагдаж байна. Та зам чөлөөл” гэв. Ямар барилга баригдах гэж байгааг лавлавал "Хашааг нь шинэчилж байгаа. Энэ хаалгаар хүн оруулж болохгүй. Та “М-Ойл” ШТС–ыг тойроод хойд хаалгаар нь орж болно” хэмээн омогдонгүй хэллээ.

Хамгаалалтын ажилтны хэлснээр хашаа тойрч орохоор явлаа. Элс ачсан машины жолоочоос мөн л хэрэгт дурлан юун элс ачсан тухай асуухад “Энэ цэцэрлэгт хүрээлэнд чинь барилга баригдах гэж байгаа юм. Тэгээд энэ машинуудаар элс, шороогоо зөөлгөж байгаа юм” гэв. Ямартай ч барилга баригдах нь тодорхой байна. Харин ямар барилга юм бол гэдгийг мэдэхээр цааш явлаа. Барилгын ажлыг гүйцэтгэхээр ажиллаж буй хүмүүсийн ахлагчаас энэ тухай тодруулах гэсэн боловч яриа өгөх боломжгүй гэсэн юм.

Цэцэрлэгт хүрээлэн дагуух авто замаар явж буй жолооч нар нь хайран моддыг хугалж сугалж буй дүр зургийг харахаар хурдаа багасган, уулга алдан явах нь олонтаа тохиолоо. Хүүхдээ хичээлд нь хүргэхээр яваа иргэн Б.Гансүхтэй уулзаж ярилцахад тэрбээр “Эндэхийн оршин суугчид тэмцээд дийлсэнгүй. Одоо яая гэхэв. Улс орондоо хэрэгтэй зүйл л барих байлгүй гэж бодоод барилгыг нь бариулахаас. Хүүхдүүд тоглож наадах орчингүй, хэсэгтээ эвгүй байна биз” хэмээлээ. Хашааныхаа гадаа сууж буй эмээ, ус түрээд явж буй залуу хүртэл цэцэрлэгт хүрээлэнгийн газраас хэмлэн барилга байшин барьж байгаад дургүйцэн харамсч байгаагаа хэлж байлаа. "Ингэсгээд л ногоорчихно. Зун энэ чинь жаргалын орон байсан юм” хэмээн ойр хавийн оршин суугчид халаглана.

19 орчим га талбайд барилга барих гэж байна

Хүрз барьсан залуучууд газрын хөрс сэндийчиж, алх хадаас барьсан хэсэг нь хашаа татаж, хамгаалагч залуу, ахлагч, даамлуудыг даган холхино. Энэ "их ажилтай" нөхдийг загнаж нэг, аргадаж нэг гүйх эгч бол Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн сахиур Н.Хишигээ. Түүнтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.“Дөрвөн жил би энэ хавийн газрыг сахиж хамгаалж, цэвэрлэж байгаа юм. Гэтэл долоо хоногийн өмнөөс барилгын ажил нь эхэлчихлээ” хэмээн ярих Н.Хишигээ эгч ийн ярилаа.

-Цэцэрлэгт хүрээлэн нийт хичнээн га талбай хамардаг юм бэ?

-36 орчим га талбай байдаг юм. Баруун жигүүрт нь мод бут ургамал тарина. Зүүн жигүүрт нь Биолонгийн хүрээлэнгийнхэн эрдэм шинжилгээний судалгаа хийдэг юм.

-Судалгаа, сорил явагддаг талбай нь барилгын газарт орчихсон юм биш биз дээ?

-Захаар нь шахуу шүргүүлж талбайгаа авсан юм.

-Хичнээн га-д барилгын ажил хийгдэх юм бол?

-Миний тооцоолсноор 19 га шахам талбайд барилга барих гээд байна.

-Энд ямар зориулалтын барилга баригдах юм бол, та мэдэх үү?

Сайн мэдэхгүй. Ямар ч гэсэн Анагаахын төв сургуулийн харьяа эмчилгээ, лаборотор бүхий Азид байхгүй эмнэлэг барина гэсэн юм. Одоогийн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн чинь Ерөнхийлөгчийн зөвлөх байхдаа анх энэ газрыг ашиглах талаар бидэнтэй уулзахдаа ярьж байсан юм” гэлээ.

Р.Адъяа: Эсэргүүцээд дийлсэнгүй

Ингээд энэ талаар албаны хүнээс тодруулахаар ШУА–ийн Биологийн хүрээлэнгийн захирал Я.Адьяатай холбогдлоо.

-Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн газарт барилга бариад эхэлжээ. Хүрээлэнгийн зүгээс энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Олон жилийн өмнөөс яригдсан асуудал. Бид болон энэ цэцэрлэгт хүрээлэнд амрагч олон түмэн эсэргүүцээд дийлсэнгүй. Улс эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, сайн эмчилгээтэй эмнэлэг баригдаасай гэж л бодож байна.

-Танайхаас тэгээд газраа өгчихөж байгаа юм уу. Хичнээн га газарт барилга баригдах юм бол?

-Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн 30 гаруй га талбайтай. Эндээс сургууль, эмнэлгийн зориулалаар 10 орчим га газрыг нь чөлөөлж өгч байна.

-Сургууль, цэцэрлэг барих газрын зөвшөөрлийг нь хаанаас олгосон юм бол?

2013 онд Нийслэлийн Засаг даргын захирамж нь гарчихсан байдаг юм. Японы буцалтгүй тусламжаар олон улсын стандарт шаардлагад нийцсэн иж бүрэн лаборатор бүхий эмнэлэгийн барилгад найман га, хоёр бага сургуульд хоёр га газрыг олгохоор захирамж гаргасан байдаг юм билээ.

-Барилгын талбайн мод бутыг үндсээр нь булгалан татаж, сүйтгэж байна. Мод бут ургамлаа хааш нь зөөж шилжүүлж байгаа вэ?

-Яг энэ асуудлаар яаман дээр хуралдаж байна. Ямартай ч эхний ээлжинд мэргэжлийн байгууллагад хандаж аль болох, гэмтээж бэртээлгүйгээр сугалж авах алхмыг хийж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шилжүүлэх эсэхийг ярилцаж байгаа.

-Барилга барихаар авсан талбайгаа өөр компанид дамлан зарсан гэх яриа гарах боллоо. Үнэхээр ийм тохиолдол болсон юм уу?

-Одоогоор мэдэгдсэн юм алга. Хэрэв тэгж байгаа бол асуудалд өөрөөр хандах ёстой байх. Газар чөлөөлөх асуудал нь явсаар Засгийн газрын түвшинд яригдаж байна гэлээ. Нэгэнт яам тамгын газраас зөвшөөрөл олгочихсон юм бол бид эсэргүүцээд яахав. Олон түмэндээ хэрэгтэй зүйл барих байх гэж бодоод л үнэтэй, газраа золиосоллоо... хэмээсэн юм.

Ямартай ч асуудал тодорхой боллоо. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ийм шийдвэр гаргажээ. Нөгөө иргэдээсээ санал авдаг, иргэд эсэргүүцвэл захирамжаа цуцалдаг дарга энэ газрыг жинхэнэ утгаар нь золиослохоор шийдчихжээ. Э.Бат-Үүл баатарын гавьяагаар хөгшчүүл амрах газаргүй, хүүхдүүд тоглох орчингүй, хосууд болзох талбайгүй болж, олон хүний сэтгэл шингэсэн хөдөлмөр талаар болж, модод нь үндсээрээ ховхорч, улсын цэцэрлэгт хүрээлэн хувийн мэдлийн талбай болчихлоо. Хүмүүсийн дурсамж, ШУА–ийн үнэт зүйлийг үгүй хийж байгаа эрх мэдэлтнүүдэд хэн хариуцлага тооцох вэ

З.Батхуяг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ