Ц.Баасандорж: Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргана

“Нүүрс” хөтөлбөрийн мөнгөнөөс онц их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдсан Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох хэргийг Дээд шүүх өчигдөр хэлэлцэж Л.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 4.6 жилийг 3.6 жил болгон бууруулж жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргасан. Харин Б.Мөнгөнтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, тэдэнд ногдуулсан 2.5 тэрбум төгрөгийн хохирлыг 1.1 тэрбум төгрөг болгон бууруулж, Л.Гансүх, Н.Даваахүү нарыг хувь тэнцүүлэн "Багануур" ХК-д төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ талаар Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржоос дараах тодрууллаа.

-Улсын дээд шүүхээс Л.Гансүхэд 3.6 жилийн хорих ял оноолоо. Та шүүхийн шийдвэртэй санал нийлж байна уу?

-Шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байна. Хүчин төгөлдөр гэрээний үнийн дүнгийн зөрүүгээр Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдыг ялладаг буруу жишиг тогтсон. Л.Гансүх гэдэг хүн гэмт хэрэг үйлдээгүй, хувьдаа нэг ч төгрөг аваагүй энэ бол улс төрийн явуулга.

-Цаашид яах бодолтой байна вэ?

-Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргана. Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлнэ. Шүүхийн шийдвэрийг хүлээн авсанаас 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байдаг.

-Шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч болон шүүгдэгчийн хүсэлтийг хүлээж авсангүй шүү дээ?

-Л.Гансүх шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасан. Шүүгдэгч, ялтан хүн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхтэй байдаг. Гэвч шүүх бүрэлдэхүүн биечлэн оролцох боломжийг олгосонгүй. Өмгөөлөгч хүн нотлох баримтыг үзүүлэх боломжийг өгсөнгүй. Энэ хэрэг хэзээ нэгэн цагт цагаатах болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ