400 гаруй малчин 10 хувийн зээлд хамрагджээ
МУ-ын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй "Сайн малчин" хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн хүүг Төрийн банк жилийн 10 хувь буюу сарын 0.8 болгон бууруулсан. Үүнтэй холбогдуулан, Төрийн банкинд 1062 малчин гурван тэрбум 145.5 сая төгрөгийн зээлийг жилийн 10%-ийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлснээс энэ сарын 22-ны өдрийн байдлаар 465 малчинд нэг тэрбум 372.1 сая төгрөгийн зээлийг жилийн 10%-ийн хүүтэй олгожээ.
Малчны зээлийн хүү ийнхүү буурснаар 29.5 хувийи хүүтэй 5 сая төгрөгийн зээл авсан малчин өрх жилийн хугацаанд 6 сая 106 мянга 250 төгрөг төлдөг байсан бол 10 хувьтай болсноор 5 сая 375 мянган төгрөг болж жилд 730 гаруй мянган төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөж байгаа юм.
Төрийн банкаар дамжуулан олгох уг зээлийг авах хүсэлтэй иргэн “Малчин” данстай, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалаа төлж, малаа тогтмол тарилга туулгад бүрэн хамруулдаг байх шаардлагатай гэнэ. Эдгээр бүх шалгуурыг хэрэгжүүлсэн малчин өнөөдрөөс эхлэн таван сая хүртэлх төгрөгийг жилийн 10 хувийн нөхцөлтэйгөөр Төрийн банкнаас зээлээр авах боломжтой боллоо.
Гэхдээ энэ зээлийг нийт малчдын 0.1 хувь буюу 15 мянган сайн малчин л авах эрхтэй аж. Харин малаа вакцин, туулга, ариутгалд хамруулдаггүй, эрүүл мэнд болон нийгмийн даатгалаа тогтмол төлдөггүй, “Малчин” дансгүй малчид 18 хувийн хүүтэй зээлээ аваад явах нь нээлттэй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ