Г.Маралмаагийн охинд асран хамгаалагч хайж эхэллээ

Дөрвөн настай дагавар охиноо хэрцгийгээр зодож аминд нь хүрсэн хэргээр ял талийгаач охины аав Т.Цогт, хойд ээж Г.Маралмаа нарт анхан болон давж заалдах шатны шүүхээс тус бүрт нь 24 жилийн хорих ял ногдуулсан.

Г.Маралмаа ял эдлэж байх хугацаандаа буюу оны өмнөхөн нярайлж, охинтой болсон. Таванхан сартай бяцхан охин өдгөө Г.Маралмаагийн нагац эгчийнх нь асрамжид амьдарч байгаа аж. Гэвч нагац эгч нь өөрөө өрх толгойлсон, амьдралын боломж тааруу учраас хүүхдийг эхтэй нь хамт байлгах хүсэлтийг Хүний эрхийн үндэсний комист гаргажээ.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар " Г.Маралмаа гэдэг эмэгтэй цагдан хоригдож байхдаа хүүхдээ төрүүлсэн. Шүүхээс ял авсан боловч Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар одоо цагдан хорих ангид хоригдож байна. Өөрөөр хэлбэл энэ хүн өнөөдөр ялтан биш яллагдагч юм. Энэ эмэгтэйн хүүхдийг нагац эгч нь асран хамгаалж байгаа. Хүүхдийн асран хамгаалагчаас манайд гомдол ирсэн. Г.Маралмаагийн хүүхэд таван сартай, нагац эгчийнх нь гэр бүлийн байдал хүнд байна. Эгч нь өөрөө хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, ажилгүй учраас амьдралын нөхцөл хүнд ийм айл юм билээ. Тиймээс Г. Маралмааг хүүхэдтэй нь ойр байлгах болон түүний хүүхдийн асран хамгаалагчийн асуудлыг мөн тавьсан” гэв.

Г.Маралмаагийн охины асуудалд "Хүүхдийн төлөө Үндэсний төв"-ийнхөн ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна. Тус байгууллагын эх сурвалжийн мэдээлж буйгаар "Г.Маралмаагийн зүгээс нэхэмжлэл гаргасан тохиолдолд хүүхдийн эрхийг хууль эрх зүйн хүрээнд хэрхэн хамгаалах асуудалд тандалт судалгаа хийж, туслалцаа дэмжлэг үзүүлнэ" гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ