Ховор амьтдыг Монголдоо үзэх ховорхон боломж

Манай улсад энэ жил гурав дахь удаагаа дэлхийн цирк хүрэлцэн ирж тоглох гэж байна. Бид тоглолтын талаарх товч мэдээллийг өмнө нь өгсөн бол энэ удаад циркчин амьтадтай танилцах хэвлэлийн хурлаас сурвалжлагаа хүргэж байна.

Юуны түрүүнд араатны хаан арслан гэдэг дошгин амьтантай онцгойлон танилцахыг хүслээ. Тэд дошгин харагдах ч маш их залхуу гэнэ. Дасгал сургуулилтаа хийхгүй бол хоногийн 23 цагт нь унтаж, нэг цагт нь хоолоо идэж өнгөрүүлдэг байна. Тиймээс сургуулилтын үеэр байнга ажиглаж, анхаарал болгоомжтой байх ёстой юм байна.

Тэднийг Така, Яар гэдэг бөгөөд хоёулаа эр. Одоо 11-12 настай. 220-250кг жинтэй, 1м10см-1м20см өндөр бөгөөд тортойгоо нийт 700 гаруй кг болдог гэлээ. Гэхдээ энд ирсэн амьтдаас зөөвөрлөхөд хамгийн хэцүү нь морьд байсан гэв. Учир нь морьд нь их том биетэй, босоо амьтан учир 4500 км замыг найман өдөр туулж ирэхэд их бэрхшээлтэй байсан аж. Гэнэтхэн Така, Яар хоёр маш чангаар архиралдаж эхлэв. Ингэж чангаар хүрхрэн дуугарч өөрийгөө энэ орчинд байгаа гэдгээ бусдад мэдэгддэг гэнэ. Тэгэхээр тухайн орчинд өөр арслангууд ирдэггүй, ойртдоггүй учиртай юм гэдгийг арслан сургагч хатагтай Өселбаева Тунгалаг тайлбарлалаа. Тэрээр циркэд 25 жил ажиллаж байгаа бөгөөд арслан сургагчаар ажиллаад 10 гаруй жил болжээ. Түүний хувьд манай оронд анх удаа ирж байгаа юм байна. Ингээд арслан сургагч Ө.Тунгалагтай хэдэн хором ярилцлаа.

-Амьтан л юм чинь харайх, авирах, давхих зэргээр биеийн чилээгээ гаргах хэрэгтэй л байдаг байх даа?

-Үгүй дээ. Эд нар зэрлэг биш. Тийм болохоор тэгэх шаардлагагүй.

-Нохойн насыг жилд хоёроор нэмж тоолдог бол арслангийн насыг яаж тоолдог юм бол? Эсвэл нэг жилд нэг нас нэмэх үү?

-Арслангийн насыг нэг жилд гурав билүү дөрвөн нас нэмж тоолдог юм.

-Ямар үзүүлбэртэй ирсэн бэ?

-Галтай цагариг, цаастай цагариган дундаар харайх, хоёр хөл дээрээ цовхрох, суух, хүний амнаас хооллох, арсланг моринд мордуулж үзүүлнэ дээ.

-Энэ том биетэй морьд ямар үүлдрийнх вэ?

-Оросын Орловскийн морьд байгаа юм.

-Арслантай сургуулилт хийж, үзүүлбэр үзүүлэхэд хэр эрсдэлтэй вэ? Гэмтэж байсан уу?

-Манай арслангууд ууртай биш. Надад бэртсэн, гэмтсэн тохиолдол гарч байгаагүй ээ.

-Та манай улсад анх удаа ирж байгаа гэсэн. Сэтгэгдлээ хуваалцаач.

-Миний төрсөн нутаг шиг маш сайхан, яг л буриад нутгийг минь санагдуулаад сайхан байна.

-Саяхан Наурызын баяр боллоо. Та энэ өдрийг яаж өнгөрүүлэв?

-Яг тэр өдөр бид амьтдаа буулгаад тун завгүй ажилласан. Баяр тэмдэглээгүй ээ. /сурв: инээв/

Ингээд бид дараагийн амьтадтай танилцахаасаа өмнө тоглолтын талаар Монгол циркийн хөгжлийн төвийн Тэргүүн, “Дэлхийн цирк Монголд” тоглолтын ерөнхий продюссер Н.Эрдэнээс дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

Тэрээр “Өнгөрсөн жилийн тоглолтод сармагчин ирэх ёстой байсан ч ирээгүй. Харамсалтай нь агаарын тээврийн компанийн дүрмийн дагуу сармагчинг онгоцоор тээвэрлэж болдоггүй юм байна. Тиймээс энэ удаад өмнөх жилийн амлалтаа биелүүлээд автомашинаар Казакстан улсаас авчирлаа. Тоглолт энэ сарын 26-нд албан ёсоор нээлтээ хийгээд 7 өдөр үргэлжилнэ.“ хэмээн яриагаа эхлүүллээ.

-Энэ жилийн тоглолтын гол онцлог нь юу вэ?

-Олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль авсан номеруудыг урьж авчирдагаараа онцлог. Мөн урьд нь монголд ирж байгаагүй цоо шинэ үзүүлбэрүүд байгаа. Ер нь дэлхийн цирк монголд гэдэг нэр нь явж байдаг боловч номерууд нь жил болгон өөрчлөгддөгөөрөө онцлогтой. Түүнчлэн ОХУ-аас маш олон шагналтай алиалагч ирсэн. Мөн циркийн "хаан үзүүлбэр" гэгддэг агаарын гемнастикийг белорусь, украины жүжигчид үзүүлэх дэлхийд цор ганц гэгддэг үзүүлбэр байгаа. Энэ номерыг авчрах гэж бид бүтэн нэг жилийн турш маш олон төрлийн санал тавьсан. Аюулгүй байдал, хангамж зэргээр маш олон шаардлага биелүүлж байж урьж авчирч байгаа юм.

-Тоглолтын тасалбар олдохгүй байна гэсэн. Бүх өдрийн тасалбар дууссан юм уу?

-Эхний 6 тоглолтын тасалбар дууссан байгаа. Өөрөөр хэлбэл, эхний гурван өдрийн тоглолтын тасалбар худалдаанд гараад дууссан гэсэн үг. Тасалбарын үнэ эгнээ, суудлаасаа хамаараад 15-30 мянган төгрөг. Ажлын өдөр 19:00 цагаас, амралтын өдөр 11:00, 15:00, 19:00 гэсэн цагийн сонголттой. Ер нь дараагийн өдрүүдийн тасалбар байгаа.

-Тоглолт үзэхээр ирсэн үзэгчид амьтадтай зургаа авахуулж болох уу?

-Болно. Гэхдээ энэ бол ховор боломж бөгөөд тодорхой хэмжээний үнэтэй байх юм. Гэхдээ тийм ч үнэтэй биш ээ. 5-10 мянган төгрөг байх болов уу.

-Тоглолтыг хаанаас санхүүжүүлж байгаа юм бэ?

-Санхүүжилтийг 100 хувь “Монгол циркийн хөгжлийн төв”-өөс гаргадаг. Мэдээж ивээн тэтгэж, хамтран ажилладаг байгууллагуудын туслалцаа, дэмжлэг маш их байдаг. Тухайлбал, MCS Coca Cola, Хасу мегаватт, Дашваанжил зэргийг дурьдаж болно. Мэдээж Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа болохоор тодорхой хэмжээний санхүүжилт хийгдсэн. Ерөнхийдөө Монгол циркийн хөгжлийн төв, Монголын цирк хоёр хамтран ажиллаж байна.

-Та бүхний дараагийн ажлын төлөвлөгөө?

-Манай жүжигчид олон орноор аялан тоглолтоор явна, маш олон уралдаан тэмцээн байгаа. Мөн миний бие жүжигчдээ аваад Ардчилсан Солонгост болох олон улсын циркчидийн тэмцээнд явах гэж байна. Ер нь "Дэлхийн цирк монголд" цоо шинэ уран бүтээлтэйгээр жил бүрийн гуравдугаар сарын сүүлчээс дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл зохион байгуулагдана.

Ийнхүү Узбекстан улсаас сармагчин, пони буюу одой морь, лам гөрөөсүүд, харин Касзакстанаас арслан, морьд ирээд байна. Дэлхийн шилдэг үзүүлбэрүүдийг болон ховор амьтдыг нэг дор үзэх ховорхон боломжийн хөшиг нээгдэхэд бэлэн болжээ.

Орловскийн морьд

Лам гөрөөс ба пони

Тортой арслангийн жин нь 700 гаруй килограмм

Энэ сармагчинг Люси гэдэг

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ